Цаг үеийн мэдээ

МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч Л.Төрбаттай Төрийн өмчит компаниудын бүтээмж, засаглал, ил тод байдлыг сайжруулах тухай хуулийн төслийн талаар ярилцлаа.

-Төрийн өмчит компаниудын үр өгөөжийг нэмэгдүүлэх хуулийн төслийн талаар ярилцъя. Энэ хуулийн ач холбогдол юундаа байна вэ?

-УИХ-ын 2025 оны хаврын чуулганаар энэхүү хууль өргөн баригдаж, хэлэлцүүлэг хийгдэн батлагдах төлөвлөгөөтэй байгаа. Хуулийн зорилго бол МҮХАҮТ болон бизнес эрхлэгчид, хувийн хэвшилд чухал ач холбогдолтой. Нэг гол зарчим нь төрийн өмчит болон орон нутгийн өмчит компаниуд хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагуудтай өрсөлдөхгүй байх, өрсөлдөж байгаа тохиолдолд шударгаар өрсөлдөх.

Нөгөөтээгүүр төрийн өмчит үйлдвэрийн газруудыг ашигтай ажиллуулах. Ашигтай ажиллаж байгаа нөхцөлд ТӨК-ийн хэлбэрт оруулж, эргээд компанийн засаглалын зарчмуудыг хэрэгжүүлэх юм.

Олон улсын эдийн засаг хамтын ажиллагааны хөгжлийн байгууллага гэж бий. Энэ байгууллагад өндөр хөгжилтэй, компанийн засаглал хамгийн сайн хэрэгжиж байгаа Европын холбооны улс орнууд, Япон, БНСУ байдаг. Эдгээр зарчмыг хэрэгжүүлснээр эргээд төрийн өмчийн компанийн засаглалд буюу хяналтын тогтолцоонд үндэсний танхим болон мэргэжлийн нэгдсэн холбоодын төлөөллийг хараат бус гишүүдийн журмаар оруулах, эргээд хөндлөнгийн аудит, хяналтыг олон нийтийн төлөөлөл болгоно. Ингэснээр илүү иргэдэд буюу төрөөс улсын төсөв болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийг нэмэгдүүлэх журмаар эдийн засаг болон нийгмийн өмчлөлд төрийн өмчит болон орон нутгийн өмчит компаниудын бодитой хувь нэмрийг оруулахад хөшүүрэг болох хуулийн төсөл.

-Төрийн өмчит компаниуд хэдэн компани ашигтай ажиллаж байна вэ. Тогтолцооны ямар шинэчлэл хийх вэ?

-Төрийн өмчит үйлдвэрийн газруудын хувьд Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет гэх мэт уул уурхайн компаниуд байна. Нийт 36 төрийн өмчит үйлдвэрийн газруудаас гурван жил дараалан ашиггүй ажиллаж байгааг нь татан буулгаж, үйл ажиллагааг нь хувийн хэвшилд шилжүүлэх, ашигтай ажиллаж байгааг нь төрийн өмчит компанийн хэлбэрт шилжүүлэх ийм зарчмын өөрчлөлт оруулахаар хуулийн төсөлд тусгагдсан. Нөгөөтээгүүр олон улсын дэлхийн чиг хандлага төрийн өмчит компанийн зохицуулалтыг гурван үндсэн загвараар хэрэгжүүлж байна. 

Нэгдүгээрт, төвлөрсөн бус. Энэ бол одоогийн Монгол Улсын байгаа нөхцөл байдал. Төвлөрсөн бус загварын удирдлага хяналтын систем нь ажиллаж чадахгүй байна.

Ихэнх нь ашиггүй, өндөр зардалтай байна. Бидний судалгаагаар хувийн хэвшлийн нэг ажилтан 4-5 төрийн албан хаагчийн бүтээмжтэй тэнцэх хэмжээнд ажиллаж байна.

Хоёрдугаарт, олон улсад холимог хяналт, удирдлагын тогтолцоо гэж бий. Манайхаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар МҮХАҮТ юм уу, бусад яам агентлагуудтай хамтарч хэрэгжүүлдэг зарчим гэсэн үг.

Гуравдугаарт, төвлөрсөн загвар. Нэг яам юм уу, агентлаг дангаар нэгдсэн хяналт зохицуулалтыг хийнэ гэсэн үг. Манайд хуучин бол Төрийн өмчийн хороо байсан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраар дүйцүүлж болно. Төрийн өмчит компанийг нэгдсэн зохицуулалт, хяналтаар хангана гэсэн үг.

Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсан. Ирээдүй өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сангуудын гол эх үүсвэр нь төрийн өмчит уул уурхайн компаниуд байгаа. Бидний судалгаагаар уул уурхайн томоохон 10-аад компани нийт ашиг орлогын 90 гаруй хувийг хуримтлуулж байгаа. Энэ хуулийг батлуулснаар таатай нөхцөлийг бүрдүүлнэ.

-Ашиггүй, алдагдалтай ажилладаг ТӨК-иудыг татан буулгаж хувийг хэвшилд шилжүүлэх асуудлыг хэрхэн харж байна. Бизнес эрхлэгчдийн зүгээс санаа бодлоо илэрхийлж байна уу?

-Аливаа бизнес ашиг дээр суурилдаг. Ялангуяа хувийн хэвшил ашигтай бизнесийн үйл ажиллагаа руу л орно. Орон нутгийн сонгуулийн үеэр НЗДТГ, Дүүргийн ЗДТГ хог хаягдлын асуудлыг хувийн хэвшилд шилжүүлэхээр ашиггүй, ашигт ажиллагаа байхгүй учраас хаяад явчихдаг. Зайлшгүй нийтийн ажил, үйлчилгээг төрийн болон орон нутгийн өмчит компаниудаар гүйцэтгүүлэх шаардлага гарна. Олон нийтэд төрийн үйлчилгээг хүргэх, чанар хүртээмжийн хувьд өмчит компаниуд хийх шаардлага гарна. Энд бүтээлч шийдлүүд хайж байгаа.

-ТӨК-иудын боловсон хүчин, удирдлагын асуудлыг хэрхэн шийдэх вэ. Асуудал дагуулдаг гэдгийг хүн бүр л мэддэг, гадарладаг?

-Нууц биш. Ялангуяа төрийн өмчит, орон нутгийн өмчит компаниудын удирдлагын томилгоог улс төрийн намын тодорхой шийдвэрээр хийдэг байсан.

Энэ зүй бус практик, хэвшмэл байдлыг энэ хуулийн төслөөр үндсэндээ хална. Монгол Улсын Засгийн газраас шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлж байгаа. Одоо гурван үндсэн чиглэлээр МҮХАҮТ Засгийн газартай хамтарна.

Нэгдүгээрт, ногоон шилжилт буюу байгаль орчинд ээлтэй эдийн засгийг хөгжүүлэх чиглэлээр,

Хоёрдугаарт, хиймэл оюун ухаан буюу өндөр технологит шилжилт.

Гуравдугаарт, ажиллах хүчин, хөдөлмөрийн зах зээлийн шилжилт. Өөрөөр хэлбэл дотооддоо үндэсний боловсон хүчин, хүний нөөцийг бэлтгэнэ. Энэ нь эргээд төсвийн байгууллага, ТӨК-иуд болон хувийн хэвшилд гадаад дотоодод сурч, ажиллаж байсан залуу боловсон хүчнийг нээлттэй зарлаж ажиллуулах боломж нөхцөлийн нээх юм.

-Мэргэжлийн боловсон хүчин нарийн мэргэжлээрээ ажиллах боломжийг нээж өгч байгаа гэж ойлгож болох уу?

-Яг зөв. Нээлттэй зар гэдэг бол тухайн ажлын байрын шалгуурыг хангасан хэн боловч удирдах болон дунд шатны албан тушаалд ажиллахад нээлттэй болох юм. Мэдээж нарийн мэргэжлийн, өндөр мэдлэгтэй боловсон хүчин дутагдаж байгаа. Мега төслүүд болон томоохон төслүүдийн менежмент дээр тодорхой хязгаартайгаар нарийн мэргэжлийн гадаадын мэргэжилтнүүдийг ажиллуулах шаардлагатай байгаа. Эдгээр ажилтнуудын мэдлэг туршлагыг дотоодын боловсон хүчин дээ суулгаж, үндэстний боловсон хүчнийг бэлтгэх тогтолцооны шинэчлэлийг хийнэ.

Б.АМАРТҮВШИН

Таны сурталчилгаа