Цаг үеийн мэдээ

Нэгдүгээр сарын 13-ны өдөр Японы гурав дахь том арал болох Кюшюүгийн өмнөд хэсэгт орших Миязаки мужид орон нутгийн цагаар 21:19 цагт 6.9 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Японы цаг уурын агентлаг газар хөдлөлтийн хүчийг эхлээд 6.4 магнитуд гэж хэмжиж байсан боловч дараа нь 6.9 болгосон байна. 

Тус улсын Цаг уурын агентлагаас мэдээлснээр Филиппиний тэнгисийн хавтан Японы баруун өмнөд эргээс далайн ёроолд, Евразийн хавтантай зөрөлддөг бөгөөд уг Нанкай хавтан нь 100-150 жил тутамд хүчтэй газар хөдлөлт үүсгэдэг гэжээ.

Газар хөдөлсний дараа тус улсын Цаг уурын агентлаг цунамийн аюулаас сэрэмжлүүлсэн. Цунамигийн сэрэмжлүүлэг идэвхжүүлснээс хойш Миязаки мужид 20 сантиметрийн өндөртэй цунами бүртгэгдсэн байна. Орон нутгийн цагаар 02:50 минутад цунамигийн сэрэмжлүүлгийг зогсоожээ. Япон улсын Цаг агаарын агентлагаас мөн дээрх хоёр хавтан мөргөлдсөний дараа 8-9 сарын дараа 9 магнитудын хүчтэй газар хөдлөлт тохиолдох маш өндөр магадлалтай гэдгийг мэдээлээд байна. 

Одоогоор Японы баруун бүс нутагт орших Иката атомын цахилгаан станц болон Кагошима муж дах Сендай атомын цахилгаан станцуудад ямар нэгэн гэмтэл бүртгэгдээгүй гэж NHK телевизээр мэдээлжээ.

Орчуулсан: Б.Гэрэлзаяа 

Эх сурвалж: reuters.com

Таны сурталчилгаа