Цаг үеийн мэдээ

Эх орноо гадаад улсад төлөөлдөг дипломат алба бол С.Эрдэнэ хүртэл тэнцэж болдог ажил мөн. С.Эрдэнэ өөрөө Чикагод суух дэд консулын албыг голоогүй, С.Эрдэнийг өөрийг нь дипломат алба шилээгүй. 

С.Эрдэнэ англиар ерөөдөг, оросоор хараадаг, францаар зүүдэлдэг, италиар хар дардаг ч байж болзошгүй эрдэмт сартваахи, их бичгийн хүмүүн, мэргэн гүүш байхаас сийхгүй. 

Та англиар ярьдаг уу? гэж сурвалжлагч тулгаж асуухад No English гэж торохгүй хариулж чаддаг, гадаад хэлэнд нэвтэрснээ гайхуулсан хүн юм. Америкт очоод америк хүнээс Do you speak english гэж асууж чадна. Өнөөх америк гайхаад  Do you speak English? гэж өөрөөс нь асуувал өөртөө машид итгэлтэйгээр No English гэж номын мэргэдийн ёсоор хариулах нь эргэлзээгүй.  

Цэргийн сургуулийн 1-р курсээс хөөгдсөн ч С.Эрдэнэ бээр “Отгонтэнгэр” их сургуулийг 40 гарсан хойноо 4 жилийн оройгоор төгссөн төдийгүй,  өглөөгүүр доктор болсон, өнөө цагийн үндэсний сэхээтэн бөлгөө. С.Эрдэнэ элч төлөөлөгчийн албанд ёс суртахууны хувьд тэнцсэн, төрийн хав хар хүн. С.Эрдэнэ ганцхан удаа хүн амины хэргээр шүүхээс ял авсан. Ердөө цорын ганцхан удаа хүн амины хэрэгт шийтгэгдсэн.  Хоёр удаа хүн амины хэргээр шүүхээс ял шийтгэл аваагүй нь бодит үнэн. С.Эрдэнэ Америкт ажлаар нэг бус удаа зорчсон туршлагатай, хүү Э.Одбаяр нь нь дөнгөж саяхан тэндээс ирсэн, билет нь хүртэл шинээрээ, чемоданых нь үнэр ч гараагүй байна. Хүү нь жагсаалд очсон ч аав нь, ард түмний нэг хэсэгтэй нийлээд, гэрт нь хариулсан байхаас сийхгүй дипломат нүүдэл боллоо.

С.Эрдэнийг санал болгосон, томилсон хүн олдохгүй байгаа ч томилгоо нь бол олдлоо. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ томилгоог МАН-ынх биш АН-ынх шүү гэж хэлсэн бол, АН-ын дарга Л.Гантөмөр яг тийм гээгүй ч, ямар ч байсан үгүйсгэхгүй байна. “С.Эрдэнэ орос хэлтэй юм билээ” гэж Гадаад харилцааны сайд дотоодод худал ярихгүй. Тэгээд ч монголчуудтайгаа л харилцана гэж хэлсэн нь дурак, п... гэх мэт оросоор хараагаад үйлчлэхэд эх орон үнэртэнэ. С.Эрдэнэ бээр Баабарын хочилсноор Баянголын далайн дээрэмчнээс Баянгоулд Америкт, далайн чанадад дипломат боллоо. Доналд Трампаас монголоор бол дутахгүй үзэх, хэд хэдэн америктай нэгэн зэрэг хэрэлдээд давах хэл ам нь хөгжсөн хүн. С.Эрдэнэ Та эх орноо дэлхийн хүчирхэг гүрэнд төлөөлөх элчийн албанд тавтай морил. Эх орондоо эрдэм мэдлэг, ёс суртахуун, орос, англи хэлний мэдлэгээ зориулж, чөмгөө дундал. 

Таны сурталчилгаа