Цаг үеийн мэдээ

Монгол Улсын гавьяат тамирчин Дугарсүрэнгийн Оюунболдын нэрэмжит 2025 оны чөлөөт бөхийн Насанд хүрэгчдийн УАШТ Бөхийн өргөөнд гурван өдрийн турш амжилттай явагдаж өндөрлөлөө.

Хамгийн олон буюу 37 бөх зодоглосон эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн аварга МУГТ Мөнхтөрийн Лхагвагэрэл түрүүллээ. Тэрбээр Насанд хүрэгчдийн УАШТ-д сүүлийн зургаан жил дараалан түрүүлж байна.

УАШТ-ий 97 кг-ын жинд 22 настайдаа түрүүлсэн, “Хилчин” спорт хорооны бөх, Азийн АШТ-ий хоёр удаагийн V байрын шагналт, Роман Дмитриевийн ОУТ-ий хүрэл медальт, өсвөр үе болон залуучуудын, оюутны, насанд хүрэгчдийн ангиллаарх Улсын аварга Ч.Алтангэрэл өнөө жил хүнд жинд үзүүрлэлээ.

“Хүч” спорт хорооны тамирчин, Азийн АШТ-ий мөнгө, дөрвөн хүрэл медальт, ДАШТ-ий V байрын шагналт ОУХМ Н.Золбоо Насанд хүрэгчдийн УАШТ-ээс 11 дэх медалиа авсан юм. Тэрбээр Улсын гурван удаагийн аварга төдийгүй уг тэмцээний дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медальтай боллоо. 

Харин “Алдар” спорт хорооны бөх, Азийн АШТ-ий хүрэл медальт Э.Батмагнай Насанд хүрэгчдийн УАШТ-ээс дөрөв дэх медалиа гардав. Түүний хувьд Насанд хүрэгчдийн УАШТ-ээс нэг түрүүтэй бөх юм.

125 кг-ын дүн:

1. М.Лхагвагэрэл (Хилчин)

2. Ч.Алтангэрэл (Хилчин)

3. Н.Золбоо (Хүч)

3. Э.Батмагнай (Алдар)

Таны сурталчилгаа