Цаг үеийн мэдээ

Өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд Утааны эсрэг Ерөнхий хяналтын сонсгол хийж бужигналаа. Сонсголоор дэлгэсэн баримт сэлт зөвхөн мөсөн уулын орой нь шүү гэдгийг сонсгол даргалагч хэлж байв. Утаанд 2 их наяд төгрөг хийсгэж, талаас илүүг нь буюу 1,2 их наядыг нь шахмал түлшинд шахаж шатаасан. Түүний горыг нь 779 иргэн хүртэж зул болсон харамсалтай тоо ч чих дэлсэв. Халхголын болон 1945 оны чөлөөлөх дайны хохирлоос хол давсан тоо. Ингээд зогсохгүй Ураг удам, уушиг, элэгний хорт хавдар, зүрх судасны өвчлөлд хүргэснийг тооцвол утааны хохирол бүр их гарна. 

Иргэд шийдэл хүссэн. Үндсэн хуулиар олгогдсон суурь эрхээ эдлэхийг хүссэн. Утаанаас салахыг хүссэн.

Харин эрх баригчдын дараагийн шийдэл нүүрсийг нүүрсээр солих аж. 

Тодруулж хэлбэл “Шахмал түлшийг цаашид хагас коксжуулсан нүүрсээр үйлдвэрлэхээр шийдвэрлэлээ. Ингэвэл агаарын бохирдол буурна. Цаашид хөх нүүрс гэж нэрлэнэ. Багануурын нүүрсний уурхайд түшиглэж, хагас коксжуулсан нүүрсний үйлдвэр барьж, байгуулна” хэмээсэн юм. 

Нийслэлийн удирдлагуудын хэлж буйгаар бол "ТТТ" ХК-ийн Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн үүдийг хааж Багахангай дүүрэгт байрлах нүүрс баяжуулах үйлдвэрээс коксжуулсан нүүрс авч хэрэглээнд нэвтрүүлэх юм байна.  

Эндээс анхаарал татаж байгаа нь манай улс нүүрс баяжуулах үйлдвэрээ барьж дуустал нийслэлд ХӨХ НҮҮРС нийлүүлэхээр зэхэж буй БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Ян сардаг оргил" гэж ямар компани вэ? 

Одоогоос яг хоёр жилийн өмнөөс манай улс Таван толгой түлшийн зүүн үйлдвэр болон Багануурын уурхайг түшиглээд нүүрс баяжуулах үйлдвэр, нүүрс химийн үйлдвэрийг барих төслийг эхлүүлсэн. Ажил ч эхэлж төслийн нэгж бүхий бүтэц орон тоо гарч, зураг төсөл, ТЭЗҮ ч батлагдсан.  БНХАУ-ын Inner Mongolia Kunyu enterprise consulting management компанитай Баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авах тусгай нөхцөл бүхий оффтэйк гэрээ байгуулж тоног төхөөрөмж манай улсад орж ирж гэрлийн хурдаар ажил үргэлжилсэн. Төмөр зам, усан хангамж, цахилгаан гээд салбар дэд бүтцийн ажлууд ч хийгдэж байв. Гэвч жилийн дараа ТТТ-ийн ТУЗ-өөс ямар ч ашиггүй гэх тодорхойлолт гарч төсөл бүрэн зогссон. Төсөл зогссон тул орж ирсэн тоног төхөөрөмж ч  зэвэрч халтайгаад шороонд дараатай хэвтэж байгаа. 

Хамгийн хачирхалтай нь төр хийх гээд ашиггүй гэж зогссон төсөлтэй яг зэрэгцээд Багаханай дүүрэгт  "Ян сардаг оргил" гэх Хятад компани нүүрс баяжуулах үйлдвэр, нүүрс химийн үйлдвэрийн шавыг тавьж бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байв. Харин одоо тус үйлдвэрийн ажил нь бүрэн дуусч нийслэлд ХӨХ НҮҮРС нийлүүлэхээр зэхэж байна. 

"Ян сардаг оргил" эхлээд амжилттай хэрэгжиж байсан төслийг бүрэн зогсоож үйлдвэрээ бариад дараа нь үйлдвэрийн хаалгыг хааж байгаад нүүрс нийлүүлэх башир санаа байж болох уу гэх хардлагыг төрүүлж байна. Монгол шийдэж чадаагүй. Харин Хятад компани шийдэл гаргасан. 

Үргэлжлэл бий... 

Таны сурталчилгаа