Монголын хүүхдийн өвлийн спортын VIII наадмыг хоёрдугаар сарын 17-24-нд зохион байгуулна. Өвлийн спортыг сурталчлах, өсвөрийн тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, тив, дэлхийн тэмцээнд өрсөлдөх тамирчдыг нээн илрүүлэх зорилгын хүрээнд энэхүү наадмыг хоёр жил тутамд зохион байгуулж ирсэн бөгөөд анхдугаар наадам 1999 онд болсон бол отгон наадам 2023 онд болжээ. Гүйлтийн тэшүүр, шорт трейк, снөүбоард, уулын цана, шайбтай хоккей, гүйлтийн цана, тусгай олимпын цасны гуталтай гүйлт гэсэн үндсэн долоон төрөлд өрсөлдөөн өрнөх бол наадмын үзүүлэх төрөлд тусгай олимпын гүйлтийн цанын спорт багтлаа. Монголын хүүхдийн өвлийн спортын наадмын бэлгэдэл нь уламжлал ёсоор “Галхүү” байна. Наадмын бэлгэдэл Галхүүг хүүхдийн наадмын логоноос сэдэвлэн бүтээсэн галын дөл бөгөөд үргэлж мандан бадарч байхыг бэлгэдсэн. Наадмын бэлгэдлийг багачуудад танил байлгах үүднээс “Галхүү” хэмээн нэрийджээ.
Тэмцээн Чингэлтэй дүүргийн Спорт цогцолборт шайбтай хоккей, Хандгайт дахь мөсөн гулгуурын талбайд гүйлтийн тэшүүр, шорт трейк, Орхон аймгийн “Сархиа” цанын баазад уулын цана, гүйлтийн цана, снөүбоард, цасны гуталтай гүйлтийн тэмцээн болно.