Нийгмийн цахим сүлжээнд 16 хүртэлх насны хүүхдийн оролцоог зохицуулах судалгааг эхлүүлсэн талаар Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэв.
Боловсролын сайд П.Наранбаяр: Америк, Канад зэрэг улсуудад 13 нас хүртэлх хүүхдүүдийн мэдээллийг цуглуулахдаа эцэг эхийн зөвшөөрлийг авдаг. Энэ чиглэлээр алхмаа хийж эхлэхгүй бол оройтох нь ээ. Олон сөрөг үр дагаврууд байна. Тиймээс бид энэ алхмыг хийж эхэллээ. Гэхдээ хүүхдийн интернэтэд хандах бүрэн эрхийг хөндөхгүй. Хүүхдүүд өөрт хэрэгтэй youtube зэрэг сувгуудаас хичээлээ үзэх, бусад хэрэглээг хэрэглэхийг, боловсролын шинжтэй хичээлүүдээ үзэх хүүхдэд хэрэгтэй мэдээллээ авах бусад сувгууд нь нээлттэй байна. Сургуулийн SMS school manager систем, LMS Loaning management system-ийн хэрэглээ нэмэгдэнэ гэж харж байгаа. Эцэг эх, багш нар цаашдаа фэйсбүүкийн мессежээр хүүхдүүдтэйгээ харьцах биш зориулсан программуудаараа харьцаад явах шаардлагатай байгаа. Монгол Улсад SMS school manager систем, LMS Loaning management system-ийг монгол инженерүүд өөрсдөө боловсруулаад аль хэдийн нэвтрүүлсэн.
Боловсролын сайдын зөвлөх, ажлын хэсгийн ахлагч Д.Гантулга: Дэлгэцийн хамааралтай болж буй асуудал дэлхийг хамарсан аюул болоод байна. Дэлхий даяар хүүхдүүдээ яаж дэлгэцийн хамаарлаас гаргах уу гэдэг асуудалтай болсон. Энэ талаарх эцэг эхчүүдийн мэдлэг мэдээлэл сул байна. Хүүхдүүд дэлгэцийн хамаарал их болохоор допамины хэмжээ ихэсдэг. Допамины хэмжээ юунаас болж ихэсдэг вэ. Архины хамааралтай хүмүүсийн допамин ихэснэ. Хар тамхины хамааралтай болохоор допамин ихэсдэг. Мөрийтэй тоглоом тоглохоор допамин ихэснэ. Өөрөөр хэлбэл манай хүүхдүүд бараг 2-3 наснаасаа дэлгэцийн хамааралтай болж допамин ихэсдэг өвчтэй болж байгааг бид мэдэхгүй, анзаарахгүй яваад байна. Энэ нь ирээдүйдээ маш том хор уршигтай үзэгдэл. Дэлгэцийн хамааралтай болсноор сэтгэцийн өвчтэй болох маш том аюул нүүрлэж байна. Хамгийн наад захын эрүүл мэндийн хувьд нүд өвчтэй болж хараа муудаж байна. сонсгол муудах, хөдөлгөөний дутагдалд орох зэрэг олон хортой үр дагавартай. Үүний эсрэг бид энэ хуулийн төслийг санаачлан судалгааны ажлыг эхлүүлсэн.