Орон сууцны хорооллын гадна явж байсан иргэн нохойд хазуулж, хуруугаа таслуулсан байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал: Энэ оны хоёрдугаар сарын 07-ны өдөр иргэн О-г Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байх орон сууцны хорооллын гадна явж байхад нь нохой дайрч хурууг нь хазаж гэмтээсэн талаарх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдаж байна.
Өнгөрсөн онд цагдаагийн байгууллагаас орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэх 60 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна. Мөн нохойд хазуулж хөнгөн гэмтсэн 234 хүний гомдлыг шалгаж Зөрчлийн тухай хуулийн 5.19 дүгээр зүйлд заасны дагуу нохойны эзэн холбогдогч нарт торгох шийтгэл оногдуулсан байна.
Нохой нь бусдын биед халдаж хүндэвтэр хүнд хохирол учруулах улмаар бусдын амь насанд хохирол учруулсан бол Монгол улсын Эрүүгийн хуулийн 20.15 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн зохицуулалттай байдаг.