Цаг үеийн мэдээ

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан, Шүүгчдийн зөвлөгөөн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр боллоо.

Хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т заасан асуудлаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс ирүүлсэн хүсэлтийг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээс 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ирүүлсэн албан бичигтэй танилцаж, хариу хүргүүлэхээр тогтов.

Мөн Монголын ногоон нам болон Иргэдийн Оролцооны Нэгдэл намын дүрмийн өөрчлөлтийг бүргүүлэх өргөдлийг хэлэлцэж, хуулийн шаардлага хангаагүй гэх үндэслэлээр бүртгэхээс татгалзлаа.

Харин  Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 17.1 дүгээр зүйлийн 27 дахь хэсэг, Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн тухай асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргахаар тогтсон тул үүнтэй холбогдуулан Хуурай замын тээврийн салбарын мэргэжлийн нэгдсэн холбоо “ХЗТС МНХ”, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний сүлжээ мэргэжлийн нэгдсэн холбоо “ХБИҮС МНХ”-ны бүртгүүлэх хүсэлтийг хэлэлцэхийг хойшлуулав.

Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооноос 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ирүүлсэн албан бичгийг хэлэлцэж, харьяалал тогтоохоор болсноос гадна Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.1-д заасны дагуу Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимаас гаргасан хүсэлтийг шийдвэрлэж,  Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 08 дугаар тогтоолын тухай хэлэлцэхийг хойшлууллаа.

Мөн  Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээс 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн албан бичгээр ирүүлсэн “Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл” болон “Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл”-тэй танилцаж, хариу хүргүүлэхээр тогтов.

Шүүгчдийн зөвлөгөөнөөр Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийн гишүүнийг сонгож, бусад асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Таны сурталчилгаа