Иргэд кето буюу эрүүл мэндийн хоол зах зээлийн үнээс дөрөв дахин бага үнээр худалдаж байна гэсэн зарын дагуу захиалга өгөөд залилуулжээ.
Фэйсбүүк орчинд “Кето хоолны үйлчилгээний нээлтийн урамшуулал болгож хөнгөлөлттэй үнээр захиалга авна” гэсэн зарын дагуу Сүхбаатар дүүргийн I хорооны нэр бүхий иргэд 10 хоногийн хоолыг 110 мянган төгрөгөөр захиалан, урьдчилж төлбөрөө шилжүүлээд залилуулсан тул Цагдаагийн байгууллагад хандсан байна. 2025 оны нэгдүгээр сарын байдлаар 100 гаруй иргэн энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болжээ.
Залилагч нь фэйсбүүк орчинд цахим хуудас нээж, бусад ижил төрлийн үйлчилгээг хуулбарлан байршуулж, иргэдийн хэрэгцээ, итгэл үнэмшилд тулгуурлан хямд үнээр санал болгож, төлбөрийг нь урьдчилан авдаг байна.
Иймд онлайн худалдан авалт хийхдээ тухайн байгууллагын цахим хаяг, байршлыг сайтар нягталж, урьдчилгаа төлбөр шилжүүлэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.