Хот, дүүргийн хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга нар CU сүлжээний мөнгөөр Солонгост хийсэн аялал сэтгэл цөхрөөж, итгэл эвдсэн ээлжит нэгэн зугаалга боллоо. Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрынхан ажил төрлийн биш амралт зугаалгын арал Фукуокод ажлын туршлага судлах нэрээр татвар төлөгчдийн мөнгөөр алжаал юугаа тайлсан. Энэ удаад хот, есөн дүүргийн хөндлөн улаан зураастай үнэмлэх өвөртлөн хянадаг шалгадаг байцаагч түшмэд сүлжээ дэлгүүрийн оны шилдэг ажилтнууд шиг Солонгост амраад баригдлаа.
Нийслэлийн Хүнс, худалдаа үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэнгийн хэлж байгаагаар хувийнхаа зардлаар явсан гэлээ ч заавал CU сүлжээний захирал Нямбаярыг дагаж явдаг нь ямар учиртай вэ? Үнэхээр онц чухал сайн жишиг, туршлага судалвуу гэтэл төр төлөөлж явчихаад хаана хэнээс ямар зөвлөгөө авсанаа ч мэдэхгүй төрийн бус байгууллагаас асуу гээд хээв нэг сууж байдаг. Морь унасан толгойгүй хүн гэдэг шиг Мораг унасан толгойгүй албатуут зад шоппингдоод ирсэн юм бишүү. Иргэддээ баригдангуут онгоцны буудлаас гарч ирэлгүй зугтсан, өвчнөө эмчлүүлсэн зэргээр худал хэлж байгаа нь хүртэл үнэндээ итгэл үнэмшил төрүүлэхгүй байна.
Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооныхон 15 байцаагч түшмэлийн аялал зугаалга хэлбэртэй ч ашиг сонирхлын зөрчилтэй, авлига хахуулийн шинжтэй үйлдлийг Хөшигийн хөндийд хөгийг нь дэлгэлээ. Та бүхэнд CU-гийн захирал Нямбаяртай хамт сийгтэл аялсан, сонирхлын зөрчлийн солиотой зугаалганд явсан 15 хурган дарга, байцаагч түшмэдийн овог нэр, албан тушаал, утасны дугаартай танилцана уу.
Иргэддээ баригдсан зарим нь эмчлүүлсэн гэж мэлзсэн ч гэлээ Нийслэл, бүх есөн дүүргийн худалдаа, үйлчилгээний газар, хэлтсийн дарга, байцаагч түшмэл 15 хүн нэгэн зэрэг нийгмийн халдварт өвчин туссан гэвэл тэнэг хүн ч үнэмших үндэслэл бол алга байна. Авлига, ашиг сонирхлын зөрчил бол угаасаа хүн бүрийн эрх тэгш боломж, илүү сайхан ирээдүйг хулгайлдаг идээт халдварт өвчин бол мөнөөсөө мөн. Эдний бүдүүн чемоданд хүн амын хүнсний аюулгүй байдал, эрүүл мэнд, эрх тэгш боломж бараа шиг чихэгдэж дарагдсан байна.
CU сүлжээ хотод жорлон, худалдаанд соёл нэмсэн ч авлига түгээх эрхгүй. Хотын дарга Х.Нямбаатар бөөнөөрөө өвдсөн гэх бөөн сонирхлын зөрчилтэй авлигын аяллын талаарх асуултанд хариулна уу.
Халамж горьдохгүй, юм хийе, дэлгүүр, ТҮЦ, гуанз, цайны газар, үсчин, дугуй засвар ажиллуулая гэсэн жирийн иргэнээ жинхэнэ байцаадаг түшмэд сүлжээ дэлгүүрт бол сүжрэн уусаж, хөрөнгө мөнгөөр нь аялж зугаалдаг юм байна. Нийслэлд 152 худалдаа, үйлчилгээнд зөвшөөрөл олгохгүй, бүртгээд л болсныг анхан, дунд шатны сүлжээнийхэн нугалаа завхрал болгосон. “Зөвшөөрөх үү, хориглох уу нь, бүртгэх үү, байх уу?”-гаар солигдсон. Зөвшөөрөл нь бүртгэл нэртэй болж зүсээ хувиргасан болохоос хөлийн ул эргүүлдэг хүнд суртал нь яг хэвээрээ үлдсэн нь ил болоод байна.