МУГТ Э.Цэндбаатартай цөөн хором ярилцлаа.
-Аса Аренад хуран цугласан Монгол түмэндээ гайхамшигтай үдшийг бэлэглэсэн танд баярлалаа...
-Миний гарын урд тал бяцарчихсан байна. Хамаг хүчээрээ ялахаар тулалдлаа. 2-3 дугаар раунд дээр би хүчтэй цохилт авсан. 2 секунд манс хийтлээ эвгүй цохиулсан. Хүчтэй тамирчин байлаа. Энэ Мексик тамирчныг би ерөөсөө басаж гараагүй. Эх орондоо тулалдана гэдэг аймар гоё юм байна. АНУ-д бол Валли бид хоёр л ринг дээр гардаг. Манай менежер Булгантамир ах гээд цөөхүүлэх нь ээ ринг дээр гараад гаднын тамирчинтай тоглодог. Бид нар багаараа уухайн дор тулалдаад хожиход аймар хүчтэй байлаа.
-Зургадугаар раундад ялалт авсан тэр мэдрэмжээсээ хуваалцахгүй юу?
-Гурав дээр миний гар бяцарчихсан байсан болохоор хүчтэй цохиж чадахгүй байсан. Онгироо занг нь даръя гэж бодоод хамаг хүчээрээ урд гараараа цохиод байсан. Эсрэг тамирчин нэлээд бэртэл авсан байх аа.
-Өрсөлдөгч тамирчнаа өмнөх тоглолтуудад хэр судалсан байсан бэ?
-Ганц хоёр тоглолтыг нь л үзсэн. Нүдний харц сайтай. Мексикүүд цохилт аягүй сайн даадаг байхгүй юу. Өмнө нь би нэг мексиктэй тоглож байгаад нэлээд эвгүй байдалд орж байсан. Өрсөлдөгчөө басаагүй. Тактикийн дагуу л явлаа.
-Тулааны дараа өрсөлдөгч тамирчинтайгаа уулзсан уу?
-Уулзсан. "Би бол мөнгөний төлөө тулалддаггүй. Чамайг ялахыг маш их хүсэж байсан. Хэрвээ би чамайг ялсан бол чиний сэтгэл санаа бүр хэцүү байх байсан байх. Би бол жинхэнэ тулаанч, чамайг би ялах гэж ирсэн" гэж өөрөө хэлсэн. Их гоё залуу байна.
-Дараагийн тулаан товлогдсон байгаа юу?
-Миний дараагийн тулаан Лос Анжелест тавдугаар сард байгаа. Монголд нээх удахгүй. Хэд хоночхоод Америктаа очоод шууд бэлтгэлдээ орно. Зорилго тавьсан байгаа. Дараагийн тулаанууд бий. Дэлхийн аварга болно гэсэн зорилготой.
-ОУ-ын тулааныг монголдоо зохион байгууллаа. Тусалж дэмжсэн хүмүүс их байгаа байх. Тэдгээр хүмүүстээ үг хэлэхгүй юу?
-Хотын дарга Х.Нямбаатар монгол тамирчдаа дэмжээд энэ тэмцээнийг болгох бүх талаас нь дэмжсэн. Маш их баярлаж байна. Монгол тамирчид маань өнөөдөр бүгд яллаа. Тусалж дэмжсэн албан байгууллагууддаа маш их баярлалаа. Цаашдаа Монгол залуусыг мэргэжлийн бокс руу гаргаасай. Баг болгоод дэмжээд гаргах юм бол. Бид гадагшаа гараад ганцаарддаг. Төгсөө ах ч ганцаардсан. Багаараа байх юм бол бид харлаа. Бүгдээрээ ялж байна. Бид дэлхийд бүгдээрээ ялж чадна. Сая сая долларыг, бүх алдар нэрийг, бүх бүснүүдийг Монголд авчирч чадна. Бид нар Монголчууд шүү дээ. Тэр том амжилтад бид хүрч чадна.
-Боксчиддоо хандаад үг хэлээч?
-Хүсэл мөрөөдөл байгаа цагт бүх юм болдог юм байна. Шантрахгүйгээр зоригтой бүгдийг давж туулаарай. Шантрал гэдэг зүйлийг авч хаяад сахилга баттай байх юм бол бүх зүйл болдог юм байна.
-Өөрийг тань дэмжсэн нийт монголчуудаа хандаж үг хэлэхгүй юу?
-Монголынхоо баг тамирчдыг дэмжиж Аса Аренаг дүүргэсэн та бүхэндээ маш их баярлалаа. Цааш цаашдаа хичээх болно.