Цаг үеийн мэдээ

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн онд 137.1 км авто замыг шинэчилсэн нь сүүлийн 10 жилийн дундажтай харьцуулахад 10 дахин урт зам барьсан. Нийслэл хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил”-ээр зарлаж, нийслэлийн агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн төслүүдийг хэрэгжүүлж буй. Эдгээр зорилттой уялдуулж, 2025 онд Улаанбаатар хотод 10 байршилд шинээр зам барих бол 41 байршилд авто замыг шинэчилнэ. Тухайлбал, Наадамчдын гудамжийг Нэгдүгээр хороололтой холбосон 800 метр гүүрэн байгууламж, Тоньюукукийн замаас Плэйтайм аялал жуулчлалын цогцолбор хүртэлх авто зам, Морингийн даваа болон Цагаан давааны төвлөрсөн хогийн цэг рүү явах авто зам зэргийг шинээр барих юм.

Улаанбаатар хотыг хөгжүүлэх мега төслүүдийн хүрээнд нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг боловсруулж байгаа бөгөөд зургаадугаар сард барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлаж, барилга угсралтын ажлыг наймдугаар сард эхлүүлэхээр төлөвлөж байна. Мөн Туулын хурдны замын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарласан. Дөрөвдүгээр сард багтаан барилга угсралтын ажлыг эхлүүлнэ. Ташрамд, авто замын ажлын хүрээнд суурь асфальт бетон хучилт хийх, худгийн таг өндөрлөх, шинээр ус зайлуулагч хийх, хашлага солих зэрэг ажлыг гүйцэтгэнэ.

Таны сурталчилгаа