Парис 2024 Олимпын үеэр Ерөнхийлөгч Эммануэль Макроны дэргэд зогсож байх үед, Олимпын наадам зохион байгуулах нь улс оронд хэрхэн өөрчлөлт авчирдгийг бодитоор харж дүгнэлт хийснээ МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг танилцууллаа.
-Эдийн засгийн өсөлт, гадаадын хөрөнгө оруулалт
-Ирээдүй хойч үедээ зориулсан дэлхийн хэмжээний спортын дэд бүтэц
-Үндэсний эв нэгдэл, дэлхийн тавцанд нэр хүндээ өсгөх боломж
Олон улсын олимпын хорооны (IOC) ирээдүйн олимп хийх хотуудын комисстой хийх уулзалт маань ойртож байна. 2030 оны Залуучуудын Олимпын наадмыг зохион байгуулах орныг энэ жил эсвэл ирэх жил тодруулна.
Монгол бол Залуучуудын орон гэж хэлж болно. 3 сая гаруй хүн амын 70 хувийг 35-аас доош насныхан бүрдүүлдэг. Бид Залуучуудын Олимп, Олимпын наадмуудад өндөр амжилт гаргаж ирсэн. Хэрэв бид 2030 оны Залуучуудын Олимпыг эх орондоо зохион байгуулбал спорт, биеийн тамирыг өргөнөөр хөгжүүлж, соёл, аялал жуулчлалаа дэлхийд сурталчилж, нийт үндэстнийг нэгтгэх онцгой ач холбогдолтой.
2026 оны Залуучуудын Олимп Африк тивд анх удаа, Сенегал улсын Дакар хотод болно. Хэрэв Монгол Улс 2030 оны Залуучуудын Олимпын наадмыг зохион байгуулах эрх авбал энэ тэмцээнд оролцох залуу тамирчдын хөгжлийг дэмжиж, боловсрол, биеийн тамир, олимпын үнэт зүйлс болох амжилт, хүндлэл, нөхөрлөлийг түгээн дэлгэрүүлэх олон улсын хөтөлбөрүүдийг жил бүр хэрэгжүүлэх боломжтой.
2024 оны арванхоёрдугаар сард Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны бүх гишүүдийн хуралдааныг зохион байгуулж, 2030 оны Залуучуудын Олимпын наадмыг эх орондоо зохион байгуулах эрхийн төлөө ажиллах саналыг бүрэн дэмжсэн. Энэ нь Монголын олимпын хамт олны нэг зорилготой, тууштай байгааг илтгэж байна.
Олимпын наадам бол дэлхийн удирдагчид болон шийдвэр гаргагчдын уулзаж, харилцаа тогтоож, шинэ хамтын ажиллагаа үүсгэх бас нэгэн талбар юм. ОУОХ-ны гишүүд Монголыг өөрсдийн нүдээр харах, бидний спортын уламжлал, залуучуудын хүсэл эрмэлзэл, зохион байгуулах чадамжийг дэлхий нийт үнэлэх, цаашлаад Спортын дипломат уулзалтууд нь зөвхөн 2030 оны наадмыг зохион байгуулах тухай төдийгүй Монгол Улсын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, цаашдын бизнес, аялал жуулчлал, соёлын солилцоо, хөгжлийн томоохон боломжуудыг нээх чухал алхам болох юм.
Энэ л бидний зорьж буй #YOG2030Mongolia төслийн ач холбогдол Монгол Улс энэхүү Олимпын наадмыг зохион байгуулах чадвар, хүсэл эрмэлзэл бий. Гэхдээ олон нийтийн болон төрийн бүрэн дэмжлэг хэрэгтэй.