Dark Light
Нийгэм | 2021-02-10

Маргааш 06.00 цагаас 02 -р сарын 23-ны 06.00 цаг хүртэл нийслэл хот бүх нийтийн бэлэн байдалд шилжинэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр боллоо.

2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цагаас 02 дугаар сарын 23-ны өдрийн 06.00 цаг хүртэл нийслэлд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлэх Улсын онцгой комиссын шийдвэрийг дэмжив. Энэ хугацаанд нийслэлээс гарах, орох зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарлаж, иргэдийн хөдөлгөөнийг 90 хүртэл хувь бууруулна. Мөн "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хүрээнд хоногт 35-40 мянган хүнийг шинжилгээнд хамруулах юм. Өмнө нь хязгаарлалт тогтоох үед гарч байсан алдаа дутагдлаа давтахгүй, иргэдийг чирэгдүүлж, бухимдуулахгүй байхыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох албан тушаалтнуудад онцгойлон анхаарууллаа.  

2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш найм хоногийн хугацаанд батлагдсан тохиолдол олноор нэмэгдэж байгаа нь  халдвар тархах эрсдэл маш өндөр гэсэн үг юм. Байдал энэ хэвээр үргэлжилбэл ирэх сард эмнэлэгт хэвтэх хүний тоо 3,000 хүрч эмнэлгийн ачаалал хэтрэх, халдвар авсан иргэдийн хоёр хувь нь амь насаа алдах, гэрээр эмчлэх хэмжээнд хүрэх эрсдэлтэй гэж Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл дүгнэжээ.

"Тавантолгой түлш" компанийн баруун бүсийн үйлдвэрийг нүүлгэнэ

СХД-ийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах сайжруулсан шахмал түлшний баруун бүсийн үйлдвэрийг Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах зүүн бүсийн үйлдвэр лүү шилжүүлнэ. Долоодугаар сарын 10-ны дотор шилжүүлж, барилгыг нь  10 дугаар сарын 01-ний дотор угсарч дуусгахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. Баруун бүсийн үйлдвэр нь аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхийн дунд байрладаг. Түлшний үндсэн түүхий эд /мидлинг/ болох нүүрсний ил овоолго, нунтаг нүүрсний тоосжилтоос болж орчны болон хөрсний бохирдол үүссэн байна. Бохирдолтой бүсэд 639 айл өрх, 27 аж ахуйн нэгж, байгууллага байдаг гэсэн судалгаа гарчээ. Үйлдвэрийг нүүлгэн шилжүүлсний дараа нөхөн сэргээлт хийж бохирдлыг арилган барилга, байгууламжийг нь түлшний нөөцийн агуулах хэлбэрээр ашиглах юм.

Товч мэдээ

-       Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхантай уулзсан. Энэ дагуу аж ахуйн нэгжүүдийг олон улсын зах зээлд гарахыг нь дэмжих, ялангуяа гарааны бизнес эрхлэхэд нь татварын хөнгөлөлт үзүүлэх боломжийг судлах, гадаадын хөрөнгө оруулалт татах, Дундын хөрөнгө оруулалтын сан бий болгох чиглэлээр хувийн хэвшилтэй хамтарсан Ажлын хэсэг байгуулна.

-       Улсын хэмжээнд 28 тусгаарлах байранд 1,583 хүн байгаа бөгөөд 19 зочид буудалд 1,147 ортой 820 өрөө нөөцөд байна. Тусгаарлах байруудад онцгой, цагдаа, эрүүл мэндийн 278 алба хаагч, ажилтан үүрэг гүйцэтгэж байна.

-       Ноён уулын дархан цаазат газарт хууль бусаар ашигт малтмал олборлохоос урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх, хамгаалах зэрэгт зориулж Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд улсын нөөцөөс хоёр автомашин олгоно. 2020 оны тавдугаар сард Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газар болон Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дахь Ноён уул орчмын дурсгалт газрыг өргөтгөн 22,320 га талбайг дархан цаазат газар болгож улсын тусгай хамгаалалтад авсан юм.  

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22