Dark Light
Эдийн засаг | 2026-11-29

МОНГОЛЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИНЭ ҮЕ: ОРОСТОЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ ТОМООХОН ТӨСЛҮҮД

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Нийслэлийн дулааны цахилгаан станцуудыг шинэчлэх, усан цахилгаан эрчим хүчний боломжийг нэмэгдүүлэх, байгалийн хийн хоолойн төсөл хэрэгжүүлэх зэрэг томоохон санаачилга Монголын эрчим хүчний салбарын цаашдын хөгжилд чухал нөлөө үзүүлэх боломжтой. Эдгээр төслийг хэрэгжүүлэхэд Оросын компаниуд, эрдэм шинжилгээний байгууллагууд хамтран оролцож, технологи, инженерийн туршлага, судалгааны чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна.
 
Улаанбаатарын эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл
 
Улаанбаатар хотын эрчим хүчний хангамжийн чухал эх үүсвэрийн нэг бол Дулааны гуравдугаар цахилгаан станц (ДЦС-3). Тус станц нийслэлийн дулаан, цахилгааны хэрэгцээг хангахад гол үүрэгтэй бөгөөд цаашид өсөн нэмэгдэж буй хэрэглээг дагаад хүчин чадлыг нь шинэчлэх шаардлага бий болоод байна.
Энэ хүрээнд станцыг шинэчлэх төслийн зураг төслийг боловсруулах ажилд Оросын "Интер РАО" компани оролцож байна. Холбогдох гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд зураг төслийн ажлыг 2028 оны нэгдүгээр улиралд дуусгахаар төлөвлөжээ.
Төслийн хүрээнд тус бүр 125 МВт-ын хүчин чадалтай хоёр шинэ эрчим хүчний блок барихаар төлөвлөсөн байна. Ингэснээр станцын хуучин хэсгийн хүчин чадлыг одоогийн 48 МВт-аас 250 МВт хүртэл нэмэгдүүлэх боломжтой болох юм. Мөн 50 МВт-ын хүчин чадалтай нэмэлт нэг блок барихаар төлөвлөж байгаа бөгөөд нийтдээ гурван шинэ блокийн хүчин чадал 300 МВт хүрнэ.
Нийслэлийн хүн ам нэмэгдэж, орон сууц, үйлдвэр, үйлчилгээний салбар өргөжихийн хэрээр эрчим хүчний хэрэглээ мөн өсөж байна. Тиймээс ДЦС-3-ын шинэчлэл нь зөвхөн нэг станцын хүчин чадлыг нэмэгдүүлэхээс гадна Улаанбаатарын эрчим хүчний найдвартай байдлыг хангах, цаашдын хот байгуулалтын хэрэгцээг дэмжих ач холбогдолтой.
Энэ төслийн хувьд хоёр орны хамтын ажиллагаа зөвхөн эрчим хүч нийлүүлэх хүрээнд бус, үйлдвэрлэлийн дэд бүтцийг шинэчлэх, технологи, инженерийн туршлага нэвтрүүлэх чиглэлд өргөжиж байгаагаараа онцлог юм.
 
Усан цахилгаан станцын төсөл ба эрдэмтдийн хамтын судалгаа
 
Орос, Монголын эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны нэг чиглэл нь Сэлэнгэ мөрний цутгал Эгийн гол дээр усан цахилгаан станц байгуулах төсөл юм. Монгол Улсын хувьд энэ нь дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломжтой төсөл. Харин Сэлэнгэ мөрний сав газарт хэрэгжих учраас байгаль орчинд үзүүлэх нөлөөг нарийвчлан тооцох шаардлагатай.
Энэ асуудлаар хоёр улсын эрдэмтэд хамтран судалгаа хийж байна. 2024 онд байгуулсан санамж бичгийн хүрээнд Орос, Монголын судлаачид зургаан удаагийн хээрийн судалгаа хийж, тухайн бүс нутгийн ус зүй, байгаль орчны нөхцөлийг судалжээ.Урьдчилсан судалгаагаар усан сангийн ашиглалтын горимыг зөв зохицуулж чадвал голын урсцыг байгалийн нөхцөлд ойр хадгалж, Байгал нуурт үзүүлэх болзошгүй нөлөөллийг бууруулах боломжтой гэж үзэж байна. 
Судалгааны ажил 2027–2028 онд үргэлжилнэ. Эгийн голын төсөлд хоёр талын сонирхол өөр өөр боловч огтлолцох цэг бий. Монгол Улс эрчим хүчний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийг зорьж байгаа бол Оросын тал Байгал нуурын экосистемд үзүүлэх нөлөөллийг анхаарч байна. Тиймээс төслийн цаашдын шийдэлд хоёр улсын эрдэмтдийн хамтарсан судалгаа чухал үүрэгтэй.
 
Байгалийн хийн хоолойн шинэ маршрут ба Монголын боломж
 
Орос, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны нэг томоохон төсөл нь Монголын нутаг дэвсгэрээр дамжин Хятад руу хүрэхээр төлөвлөж буй "Байгал нуурын хүч" ("Сила Байкала") байгалийн хийн хоолой юм. Төслөөр жилд 50 тэрбум шоо метр байгалийн хий дамжуулах хүчин чадалтай хоолой байгуулахаар төлөвлөж байна. ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин уг төслийг Евразийн байгалийн хий дамжуулах томоохон магистраль шугамуудын нэг болох боломжтой гэж онцолжээ.
Монгол Улсын хувьд төслийн гол ач холбогдол нь олон улсын эрчим хүчний транзит сүлжээнд нэгдэх боломж юм. Хоолой Монголын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрснөөр транзит тээврээс орлого олохын зэрэгцээ зам дагуух дэд бүтцийг хөгжүүлэх, орон нутгийн эдийн засгийн идэвхийг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.
Харин Оросын хувьд байгалийн хийн экспортоо өргөжүүлэх шинэ маршрут бий болох бол Хятад улс эрчим хүчний нөөц хүлээн авах нэмэлт сувгийг бий болгоно. Ийнхүү нэг дэд бүтцийн төсөл нь гурван улсын өөр өөрийн эдийн засгийн ашиг сонирхлыг холбох боломжтой байна.Эрчим хүчний хамтын ажиллагаа шинэ шатанд гарч байна
Эдгээр гурван төсөл нь эрчим хүчний салбарын хөгжлийн өөр өөр чиглэлийг илэрхийлж байна. ДЦС-3-ын шинэчлэл нь одоо ажиллаж буй эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа бол Эгийн голын УЦС нь усан цахилгаан эрчим хүчийг хөгжүүлэх, «Байгал нуурын хүч» төсөл нь олон улсын эрчим хүч дамжуулах дэд бүтцийг бий болгох зорилготой юм.
Эдгээр төсөл бүрийн хүрээнд Орос, Монголын хамтын ажиллагаа эрчим хүчний нөөцийн уламжлалт худалдаанаас илүү өргөн хүрээг хамарч байна. Чухам эдгээр төслийг бодитоор хэрэгжүүлснээр хамтын ажиллагаа хоёр улсын эдийн засагт ямар үр өгөөж өгөхийг үнэлэх боломжтой болно.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.01
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.18
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08