Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг эсэргүүцсэн цахим тэмцэлд нэгдсэн Тээвэр, холбоо, газрын тосны ажилтны ҮЭ-ийн холбооны зарим анхан шатны ҮЭ-ийн хороодод өнөөдөр /2021.02.25/ ажиллаж, гишүүдийн санал бодлыг сонслоо.
Д.Атарсайхан ИНЕГ-ын Холбоо, Навигаци, Ажиглалтын үйлчилгээний ажилтны ҮЭ-ийн хорооны дарга
-Монгол улсад цар тахалтай, улс орон, ард түмэн эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед Засгийн газраас тэтгэврийн хууль, нийгмийн даатгалын тогтолцоонд эрх зүйн шинэчлэл хийгээгүй байж, шимтгэлийн хувь хэмжээг нэмж байгаад Иргэний нисэхийн ажилтан бид туйлын бухимдалтай байна.
Хөдөлмөрчид бид Нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар зэрэгт цалингийнхаа 3/1 хувийг суутгуулдаг. Энэ нь багагүй дарамт болдог. МҮЭ-ийн холбооны Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмсэн шийдвэрийг эсэргүүцсан цахим тэмцэлд бид нэгдсэн. Манай үйлдвэрчний хороо бүх гишүүдийн дунд цахим санал хураалт явуулж, 100 хувийн саналаар энэ тэмцэлд нэгдэж байгаа.
Манай гишүүд НДШ-ийг 2 хувиар нэмэгдүүлсэн шийдвэрээ эргэж харах, хүчингүй болгох, Тэтгэвэр тогтоох жилийг 5 жилээр нь хэвээр болгох, Нийгмийн даатгалын болон тэтгэврийн тогтолцоонд нэн даруй хуулийн шинэчлэл хийхийг шаардаж байна.
Ц.Лхагвасүрэн ИНЕГ жолооч
-Мэдээж нэмэгдүүлэхийн эсрэг байна. Учир нь Нийгмийн даатгалын шимтгэлийг бид насаараа төлж байгаа. Монгол эрчүүдийн дундаж наслалт богино. Тэтгэврээ хангалттай авч чадалгүй ертөнцийн мөнх бусыг үзүүлж байна. Тэтгэврийг өвлүүлдэг болгомоор байна. Ойрын жишээ байна. Хамт ажилладаг хүн маань тэтгэвэрт гарах хугацаа нь дөхчихсөн, яг төрсөн өдрийнхөө өмнөх өдөр нас барсан. Тэр хүнд Нийгмийн даатгалаас оршуулгын тэтгэмж гэж нэг сая төгрөг олдсон. Тухайн хүний насаараа хуримтлуулсан тэр их мөнгө улсын орлого болоод өнгөрч байгаа харамсалтай тохиолдол бий.
Тухайлбал миний тэтгэврийн нэрийн данс 70 гаруй төгрөгтэй гэж харагдаж байгаа ч бодит байдал дээр байгаа эсэх нь тодорхойгүй. Муугаар хэлэхэд оршуулгын зардалд 1 сая төгрөгийг хэрэглээд бусдыг нь улсад хандивлах хэрэг гарч байгаа юм.
Төрийн болон хувийн байгууллагад ажиллагчид бүгд шимтгэл төлж байгаа. Гэтэл Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хэдхэн хүн хуваагаад завшлаа гэдэг яриа тасрахгүй байна.
Иймд Тэтгэврийн болон нийгмийн даатгалын хуулийн тогтолцоогоо шинэчилж, илүү бодитой арга хэмжээ авах хэрэгтэй. Хууль эрх зүйн орчин нь сайн, ойлгомжтой байвал нэмэгдүүлэхэд татгалзах юмгүй.
Г.Энхзориг Зорчигч тээвэр-3 ТӨБ-ын ХАБЭА-н инженер
-Бидний үндсэн цалин 900 мянга. Татвар, шимтгэл төлөлт дээр хоёр хувь нэмэгдэхээр санхүүгийн дарамт нэмэгдэж байгаа юм. Манай ажилтнууд энэ нэмэгдлийг таатай хүлээж авахгүй, цахим тэмцэлд нэгдсэн.
Нийгмийн даатгалын гол ашиг нь хуримтлуулсан мөнгөө тэтгэвэрт суухаараа эргүүлж авах байдлаар зохицуулагддаг. Тэтгэврийн насандаа хүрэлгүй өөд болох, тогтоогдох тэтгэвэр нь амьжиргаанд нь хүрэхгүй байдал нийтлэг байгаа.
Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, ипотек, цалин, хэрэглээний зээлгүй ажилтнууд цөөн бий. Энэ бүхэн дээр ачаалал болж ирж байгаа учраас бид нэмэгдлийн эсрэг байна.
Б.Энхбаяр Мэдээлэл холбоо сүлжээ компанийн инженер
-Цалин нэмэх болохоор хувийн компани гээд нэмдэггүй. Төрийн өмч оролцоотой компанид төрийн тусламж дэмжлэг олддоггүй, төрөөс татаас өгдөггүй учраас дунд нь орхигддог.
Нийгмийн даатгалын шимтгэлийн хоёр хувийн нэмэгдлийг манай компани мөрдөөд эхэлсэн. Цар тахалтай энэ хүнд үед компаниас ажилчдаа ажлаар хангаад явж байгаа нь сайн боловч нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдсэнд бидэнд таагүй байна.
Миний бодлоор хоёр хувийн нэмэгдлийн оронд ажлын байрыг нэмэгдүүлэх замаар хуучин хувь хэмжээгээр нь тооцоод явах боломжтой гэж хардаг.
Үндсэн цалин 850 мянган төгрөг. Эндээс татвар, шимтгэл авахаар гар дээр багахан цалин ирж байгаа юм. Урамшуулал, хоол, унааны мөнгө бага зэрэг нэмэр болдог ч үнийн өсөлтөд дарагдаж байна.
Монгол эрчүүдийн дундаж наслалт 66,7 гэж байна. Насаараа ажиллаж хөдөлмөрлөж хураасан тэтгэврийн сангийн үр шимийг хүртэх хүн цөөн байна. Мөн тэтгэврийн мөнгийг 5 жилээр дунджыг тооцоолж байсан нь 7 жил болсон. Мэдээж 7 жилд хуваасны дундаж бага мөнгө гарна. Тэгэхээр үүний эсрэг байр суурьтай байгаа.
Д.Отгонболд Монгол шуудан компанийн ҮЭ-ийн хорооны тэргүүлэгч
-Нийгмийн даатгалын одоогийн тогтолцоогоор байгууллага, хувь хүний аль алинаас нь тодорхой хувийн шимтгэл авч байгаа. Шимтгэлийн нэмэгдэл хувь ажилтны гар дээр ирэх цалинг нэг хувиар багасч байгааг сайн зүйл гэж харахгүй байна.
Миний хувьд 20 гаруй жил хөдөлмөрлөж байж тэтгэвэртээ гарна. Тэтгэвэр тогтоохдоо 5 жилийн дунджыг авч үздэг байснаа 7 болгоод нэмж байгаа нь маш буруу.
Монгол улсын эдийн засаг гадны зах зээлээс хамаарч, инфляци өндөр байдаг. Ийм учраас залуучуудын төлж байгаа шимтгэл ирээдүйд үнэ цэнэгүй болж байгаад санаа зовдог.
Эх сурвалж: Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Хороо
АДМИН








Нийгэм




