Монголбанкнаас сар тутмын ээлжит мэдээллээ өнөөдөр танилцууллаа. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “2020 онд төлбөрийн тэнцэл 780 сая ам.долларын ашигтай гарсан. Энэ нь Монгол Улсын валютын нөөц нэмэгдэх, ханш тогтвортой байх эерэг статистик юм.
2021 онд төлбөрийн тэнцэл 500-600 сая ам.долларын ашигтай байхаар төсөөлж байгаа учир ханш дээр эдийн засгийн гадаад дотоод дарамт байхгүй гэж харж байгаа юм.
Нэгдүгээр сарын статистик мэдээллээр манай улсын гадаад худалдааны тэнцэл 181 сая ам.долларын ашигтай гарлаа. Тухайлбал, нүүрсний экспорт 2019 оны хэмжээндээ буюу коронавирусийн халдварын өмнөх үетэйгээ адил болсон гэсэн үг. Иймд нөөц нэмэгдэж, төгрөгийн ханш тогтвортой байх эдийн засгийн хандлагатай байгаа.
2021 оны нэгдүгээр сард мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 18%-аар өсөж, 24.2 их наядад хүрчээ. Өмнөх сараас төдийлөн өөрчлөгдөөгүй. Нийт хадгаламжийн хэмжээ нэгдүгээр сард 18.2 их наяд төгрөгт хүрсэн. Үүний 15.6% буюу 85.6 их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж, 14.4% буюу 2.6 их наяд төгрөг нь байгууллагын хадгаламж байна.
Нийт зээлийн үлдэгдлийн 1.6 их наяд төгрөг буюу 9.4% нь гадаад валютын зээл эзэлж байна. Зээлийн 11.8% нь чанаргүй, 7.7% нь хугацаа хэтэрсэн зээл байна. Нэгдүгээр сард ипотекийн зээлийн 100,561 зээлдэгч 4.9 их наяд төгрөгийн зээлтэй байна. Үүнээс хөтөлбөрийн хүрээнд 74.8 мянган зээлдэгчид 3.7 их наяд төгрөгийг олгожээ. Тайлант сард 652 зээлдэгчид 53.2 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг шинээр олгосон" гэлээ.
АДМИН








Нийгэм




