Dark Light
Нийгэм | 2021-03-09

А.Гансүх: Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, хуучин Ерөнхий сайд нарын хооронд зөрчилдөөн үүссэн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ҮАБЗ-ийн ажилчид хилээр 20 сая доллар оруулж ирсэн гэх асуудлаар ҮАБЗ-өөс тайлбар өгч байна. Энэ талаар Үндэсний  аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга, хуульч А.Гансүх "ҮАБЗ-ийн ажилтнууд ОХУ-аас 20 сая ам.доллар ачиж ирсэн гэдэг мэдээлэл зарим өдөр тутмын сонин болон олон нийтийн сүлжээгээр тарсан.

Нэг зүйлийг хариуцлагатайгаар хэлье. ҮАБЗ-ийн ажилтнууд мөнгө авчирсан гэдэг мэдээлэл хуурамч мэдээлэл. Энэ нь улс төрийн зорилготой арга хэмжээ гэж харж байна. ҮАБЗ бол төрийн тусгай чиг үүргийн байгууллага. Манай албан  хаагчид төрийн албаны тангараг өргөхөөс гадна цэргийн тангараг өргөсөн, тусгай алба хаагчид. Тэд хуулийн дагуу үндэсний аюулгүй байдал, үндэсний язгуур эрх ашгийг хамгаалах үүргээ чин шударгаар, нэр төртэй биелүүлж байна.       

Манай ажилтнууд ОХУ-руу томилолтоор, төрийн тусгай чиг үүрэг биелүүлэхээр ажилласан нь үнэн. Нэр дурдагдсан хүмүүс манайд ажилладаг. Харин ямар хүмүүс явсан талаар хэлэх боломжгүй. ҮАБЗ төрийн тусгай чиг үүргийн байгууллага. Үйл ажиллагаагаа ил биш, далд явуулдаг. Нууцлалын зэрэглэлтэй зүйлийг олон нийтэд мэдээллэх боломжгүй.

Онгоц нисэхгүй байгаа учир манай ажилтнууд машинаар хил давж, Улаан-Үд хот хүртэл  машинаар яваад, буцаж ирсэн байгаа. УОК-оос бүх зөвшөөрлийг хуулийн дагуу, бичгээр авсан. Автомашиныг хил, гаалийнхан шалгасан. Ямар ч хууль бус зүйл байгаагүй. Байх ч боломжгүй. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, хуучин Ерөнхий  сайд нарын хооронд зөрчилдөөн үүссэн энэ үед ҮАБЗ хууль бус үйлдэл хийхгүй, хийдэг ч үгүй.  

Засгийн газрын харьяаны ТЕГ, ЦЕГ, Татварын Ерөнхий Газрыг давж, их хэмжээний мөнгө оруулна гэж байхгүй. Хэрэв боломжтой бол эдгээр байгууллагуудын эрх мэдэлтнүүд л чадна. Эсвэл эрх баригчид л хийнэ.

ҮАБЗ-ийн ажлын алба улс төржилгүй үлдсэн ганцхан байгууллага. ҮАБЗ-ийг бүү улстөржүүл. Улс төрийн зорилгоор бүү ашигла гэж хэлмээр байна.     

Мэдэгдлийн дараа Таныг шүүгч нарт нөлөөлдөг хүн гэж Монгол улсын Ерөнхий сайд мэдэгдсэн. Үүнд тайлбар хийнэ үү гэж сэтгүүлч асуухад

-ҮАБЗ шүүгч нарт нөлөөлөх ямар ч боломжгүй, шүүгч нарыг томилоход ҮАБЗ-өөс ямар ч тодорхойлолт шаардлагагүй. Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж байх үед би энгийн иргэн байсан. Ерөнхий сайд энэ асуудлыг УИХ-д оруулна гэсэн. Би тэр үед тайлбараа өгнө. 

Таныг өмгөөлөгч Б.Баасанцогттой холбоотой гэсэн, энэ үнэн үү гэх сэтгүүлчийн асуултад

-Би Б.Баасанцогтыг танина. Намайг ЗТХ-ийн дэд сайд байхад МИАТ-т ажилладаг байсан. ҮАБЗ-д ажилладаггүй, зарим хүмүүс ажилладаг гэж ойлгоод байна гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22