Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хүргэлээ. Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү Цагдаагийн байгууллагад шалгагдаж буй зарим хэргийн талаар мэдээллэл өглөө.
Тэрээр: "2020 оны 10 дугаар сард Энхсаран сувилалд тусгаарлагдсан иргэдээс коронавирус илэрсэнтэй холбоотой холбогдох хууль тогтоомж зөрчигдсөн байна хэмээн Улсын онцгой комиссоос цагдаагийн байгууллагад шалгуулах хүсэлт ирүүлсний дагуу мөрдөн байцаах албанд ажлын хэсэг байгуулагдаад уг хэргийг шалгаж байна. Уг хэрэгтэй холбогдуулаад нийт 13 хүнийг Эрүүгийн хэрэг үүсгэн яллагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлээд байна.
Эдгээр нь Энэтхэг, БНСУ, ОХУ-аас ирсэн иргэд, тээврийн жолооч нарыг нэг байранд байрлуулж Эрүүл мэндийн яамны сайдын баталсан тушаал, журам холбогдох заалтуудыг зөрчсөн байж болзошгүй үндэслэлээр тухайн үед Эрүүл мэндийн яамны удирдлагаар ажиллаж байсан тушаалтан болон УОК-ын удирдлага, Онцгой байдлын алба хаагч, Энхсаран сувиллын удирдлага эмч зэрэг нийт 6 хүнд холбогдуулан Монгол улсын Эрүүгийн хуулийн 23.5.1 хэсэг хайнга хандах буюу албан тушаал, хууль захиргааны хэм хэмжээ актаар тогтоосон албан үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан байж болзошгүй үндэслэлээр яллагчаар татаж Эрүүгийн хэрэг үүсгэх саналаа прокурорт хүргүүлсэн.
Мөн тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан иргэд дураараа өрөө байраа солих, бусдын өрөөгөөр хэсэх, амны хаалтаа зүүхгүй байх зэргээр тусгаарлан ажиглах байрны дэглэм журмыг зөрчсөн 5 иргэнд Монгол улсын Эрүүгийн хуулийн 15.6.1 дэх хэсэгт зааснаар бусдын амь насанд аюул учруулж болзошгүй, халдварт өвчин дархлал хомсдлын вирус халдаах гэдэг зүйлээр ял сонсгож яллагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэх саналаа прокурорт хүргүүлсэн.
Мөн Энхсаран сувиллын үйл ажиллагаатай холбоотой тухайн үед үүссэн нөхцөл байдалтай уялдуулан 2 иргэн тусгаарлалтад байх иргэдийг өдөөн турхирч, эмх замбараагүй байдал үүсгэсэн асуудал гарсан. Уг 2 иргэнийг 15.6.1-т зааснаар ял сонсгож яллагчаар татаж эрүүгийн хэрэг нээх саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн.
Энхсаран сувиллын шалгалтын ажлын хүрээнд тухайн байранд байсан иргэд халдвар хамгааллын дэглэм сахидаггүй, амны хаалт зүүдэггүй, өрөө хооронд холхисон, иргэд хоорондын зай барьдаггүй, ажилчид амны хаалт болон бусад хамгаалах хэрэгсэл байдаггүй, ариутгал халдваргүйжүүлэлт тогтмол хийдэггүй зэрэг зөрчлүүд үүссэнтэй холбоотой албан тушаалтан 6, дэглэм зөрчсөн 5 иргэн, бусдыг өдөөн турхирч эмх замбараагүй байдал үүсгэсэн 2 иргэн нийт 13 иргэнд ял сонсгож яллагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэх саналаа прокурорт хүргүүлээд байна" гэлээ.
АДМИН







Нийгэм








