Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналд нэгдэхдээ улс төрийн намууд УИХ-ын сонгуулийг одоо мөрдөж буй 76 тойрогоос бүрдсэн можаритар системээр биш томсгосон тойрог буюу пропорциональ системээр явуулахыг зөв хувилбар гэж үзэж байгаа.
Пропорциональ систем нь Монгол Улсыг бүхэлд нь нэг том тойрог гэж авч үзээд, сонгогчид улс төрийн намуудыг сонгоно. Тухайн нам нэр дэвшигчдийнхээ жагсаалтыг гаргаж, сонгогчдын авсан саналыг хувь тэнцүүлэн бодож, УИХ-д суудлаа олж авах хувилбар юм.
Байгуулагдаад олон жил болсон, УИХ-ын сонгуулиудад өнжихгүй оролцсон хэдий ч парламентад нэг ч суудал авч үзээгүй улс төрийн намууд Монголд олон бий. Тиймээс энэ хувилбарыг илүү шударга гэж үзэн, дэмжиж байгаа аж. УИХ-ын мандатыг 76 хуваасан мажоритар тогтолцоо нь олны хэлж заншсанаар “тойрогоо услах систем”-ийг төрүүлж, Монгол Улсын төсвийг 76 тийш нь урсгаснаас болж томоохон хөрөнгө оруулалтуудаа зарцаасаар ирсэн юм.
Нөгөө талаар энэ тогтолцоо нь зөвхөн дараагийн сонгуульд л ялж байвал бусад нь хамаагүй гэсэн бодолтой гишүүдийг төрүүлж, нэмээд олон нийтэд таалагдахын тулд популист амлалтуудыг өгч, нийгмээ ч, улс орны эдийн засгийг ч “алдаг” сөрөг үр дагаварыг бий болгож иржээ. Үүнээс үүдэн Монголд ажилгүйдэл ихсэж, дагаад ядуурал гаарч, Засгийн газрууд гадны зээлээр эдийн засгаа торгоож ирлээ. Харин пропорциональ тогтолцоо нь бодлогын дор эвлэлдэн нэгддэг, Мөрийн хөтөлбөрөөр шударга өрсөлддөг, сонгогчдийн санал гээгдэхгүй, улс төрийн намуудын төлөвшилд болон нэр хүнд нь унаад буй УИХ-д иргэдийн итгэлийг урт хугацаанд бий болгох давуу талтай.
Улс төрийн намууд "Нэг бодлого, Нэг мөрийн хөтөлбөр"-өөр өрсөлдсөнөөр томоохон бүтээн байгуулалтаа дэмжин, нийгэмд тулгамдаад буй олон асуудлууд гарц, шийдэлд хүрэх боломж нээгдэнэ гэдгийг судлаачид үзэж байна.
Тиймээс өнгөрсөн 30 жилийн алдаанаас хаширсан улс төрийн намууд сонгуулийн тогтолцоог өөрчлөх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа аж.