Даян нуурын баруун эрэг орчимд олон тооны загас хорогдсон тухай бид өмнө мэдээлсэн билээ.
Даян нуурт хорогдсон Монгол хадран, алтайн сугас загасны хорогдлын шалтгаан нөхцөл, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг хүргэж байна.
Өвлийн улиралд нуурын усанд ууссан хүчилтөрөгчийн хэмжээ буурч загасны бүтэлт үүсжээ. Үүнд дараах шалтгаан бий.
- Нуурын мөсөн бүрхүүл дээр 40 буюу түүнээс дээш сантиметр зузаан цасан бүрхүүл тогтсоноор нарны гэрлийн нэвтрэх эрчим буурч усны ургамлын фотосинтезээр үүсэх хүчилтөрөгчийн хэмжээ багасдаг.
- Усны ургамлын фотосинтезийн хэвийн үйл ажиллагаа алдагдсанаар, тэдгээрийн үхэж ялзрах процесс эрчимжиж улмаар усанд ууссан хүчилтөрөгчийн хэмжээ хүлцэх түвшнээс буурдаг.
- Даян нуурын орчимд 2023 оны 10 сард 20 см, 2024 оны 2 сард 20 см цас орж нийтдээ нуурын мандалд 40 см орчим зузаан цасан бүрхүүлтэй байжээ.
- Мөн нуурын орчимд цельсийн -40 хэм хүрч хүйтэрсэн байна. Энэ мэт гүехэн уст нууруудад харьцангуй зузаан мөсөн бүрхүүл тогтсоноор нуурын усны эзлэхүүн багасаж, загасны идээшилж боломжит орчин хумигддаг, мөн намар нуур хөлдөх үед нуурын булан тохой болон цутгал голуудын цүнхээлд загас тусгаарлагдан үлдэж, өвөл тэр хэсгийн ус ёроолдоо хүртэл хөлдсөний улмаас загас олноор хорогдох нөхцөл бүрджээ.
ДАЯН НУУРТ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭ
• Нуурын судалгааг тодорхой тогтолцоо, хуваарийн дагуу тогтмол хийх;
• Өвлийн улиралд нуурын усан дахь хүчилтөрөгчийн хэмжээг тогтмол хянах;
• Өвөл нуур хөлдөх үед, 3 м хүртэл өргөнтэй, 100 м хүртэл урттай мөсөн нүх гаргаж, сүрлээр хучих;
• Нуурын нийт талбайн 30-50 хувийг цаснаас цэвэрлэж байна.
Ингэснээр агаарын хүчилтөрөгчийн солилцоо явагдах, усны ургамлын фотосинтезээр хүчилтөрөгч ялгарах нөхцөлийг бүрдүүлдэг юм.
АДМИН







Нийгэм



