Түүхэн түншлэл: Монгол Улсын Засгийн газар дэлхийн санхүүгийн аварга BlackRock FMA-тай Санамж бичиг байгууллаа
Монгол Улсын Засгийн газар Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, олон улсын хөрөнгийн зах зээлээс урт хугацааны хөрөнгө оруулалт татах зорилгоор дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалт, хөрөнгийн менежментийн корпораци болох Нью-Йорк хотноо төвтэй BlackRock Financial Management, Inc-ийн санхүүгийн зах зээлийн зөвлөх нэгж болох BlackRock FMA-тай Харилцан ойлголцлын санамж бичигт албан ёсоор гарын үсэг зурлаа.
Уг Санамж бичигт Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Баттөмөрийн Энхбаяр болон BlackRock FMA-ийн Олон улсын баялгийн сангийн зөвлөх үйлчилгээ хариуцсан Гүйцэтгэх захирал Маттиас Вирволл нар гарын үсэг зурсан байна.

"Чөлөөлье" санаачилга ба Төрийн өмчит компаниудын шинэчлэл
Энэхүү хамтын ажиллагаа нь Засгийн газраас хэрэгжүүлж буй эдийн засгийг эрчимжүүлэх “Чөлөөлье” санаачилгын хүрээнд хийгдэж байгаа бөгөөд талууд дараах үндсэн чиглэлүүдээр мэдээлэл солилцох ерөнхий хүрээгээ тодорхойллоо. Үүнд:
- Төрийн өмчит үйлдвэрийн газруудын тодорхой хувьцааг хөрөнгө оруулалтын хэрэгслүүдээр дамжуулан нэгтгэж, төвлөрүүлэх.
- Төвлөрүүлсэн хувьцааг дотоод болон олон улсын хөрөнгийн зах зээлд нээлттэй гаргах, арилжаалах.
BlackRock FMA нь дэлхийн хөрөнгө оруулалт, хөрөнгийн менежмент, эрсдэлийн удирдлага болон технологийн салбарт тэргүүлэгч бөгөөд олон улсын засгийн газрын байгууллагуудад хөрөнгийн зах зээл, үндэсний хөгжлийн болон баялгийн сангийн чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө өгдөг нэр хүндтэй байгууллага юм.
Шилдэг 12 компаниас BlackRock шалгарлаа
Энэхүү иж бүрэн шинэчлэлийг олон улсын шилдэг туршлагын дагуу хэрэгжүүлэхийн тулд Засгийн газрын 2026 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуралдааны шийдвэрээр тусгай Ажлын хэсгийг байгуулсан. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Баттөмөрийн Энхбаяраар ахлуулсан уг Ажлын хэсэгт Сангийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон “Чингис хаан” үндэсний баялгийн сангийн холдинг ХХК-ийн төлөөллүүд багтан ажиллаж байна.
Ажлын хэсгээс дэлхийн хөрөнгийн менежментийн тэргүүлэгч 12 компанид хамтран ажиллах санал хүргүүлснээс BlackRock FMA уг шинэчлэлд оролцох сонирхлоо илэрхийлж, урьдчилсан хэлэлцээрийн шатыг амжилттай давснаар ийнхүү мэдлэг, туршлага солилцох албан ёсны Санамж бичгийг байгуулжээ.
Тус санаачилгыг амжилттай хэрэгжүүлснээр төрийн өмчит компаниудын засаглал, үйл ажиллагааны үр ашиг сайжраад зогсохгүй дотоодын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг хурдасгаж, Монгол Улсыг чиглэх гадаадын урт хугацааны тогтвортой хөрөнгө оруулалтын шинэ сувгийг бий болгох стратегийн өндөр ач холбогдолтой юм.
ТАТАР МАЙДАР






Эдийн засаг



