Багш нар энэ сарын 16-наас эхлэн ажил хаях гэж байгаатай холбогдуулан Монголын боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос /МБШУҮЭХ/ мэдээлэл хийлээ.
МБШУҮЭХ-ны дарга З.Цогтгэрэл: Манай байгууллага нийт боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөрийн харилцаа түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалдаг байгууллага. Энэ хүрээнд бид бүхэн 2024-2026 онд тухайн үеийн БШУЯ одоогийн Боловсролын яамтай хоёр талт хамтын хэлэлцээр байгуулсан. Энэ хэлэлцээр нийт 4 бүлэг зүйл заалтаас бүрдсэн. Үүний гуравдугаар бүлэгт хөдөлмөрийн үнэлэмж, норм норматив, цалин хөлстэй холбоотой. Гол заалт нь 3.1 буюу нийт боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүсийн цалин хөлсний асуудал. Цалинг жил бүр 30-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх, үүнтэй холбоотой асуудлыг жил бүр төсөвт нь тусгуулна гэдэг заалтыг тусгасан. Энэ нь өнөөдрийг хүртэл ажил хэрэг болоогүй тул шаардлага хүргүүлсээр ирсэн. Бидний тэмцэл хөдөлгөөн эхний удаад Боловсролын яамтай харьцаж хоёр удаа уулзалт хийж, хоёрт талт хамтын ажиллагааны гэрээний талаар нэгдүгээр сард, 2026 оны төсвийн талаар дөрөвдүгээр сард, цомхотгол, орон тоо төсөвтэй холбоотойгоор асуудлаар долдугаар сард удаа дараа бичиг явуулсан. Үүнд тодорхой арга хэмжээ авч, хариу өгөөгүй. Нийт гишүүдээ төлөөлөх хороо, бүлгийн даргын хурал хийж тэр хүмүүсээс ирсэн нөхцөл байдлын талаар танилцуулах уулзалт хийсэн. 2026 оныг Боловсролын жил болгон зарласан. Тиймээс цалин хөлсний асуудал ярихгүй бол болохгүй гэдэг гол үндэслэл шаардлагаа тавьсан. Үндсэн цалинтай холбогдуулан Засгийн газраас Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яамнаас төлөөлөл оролцсон уулзалт хийсэн. Боловсролын яам зөвшилцөгч байр сууриар оролцож, Үндсэн цалинг өөрчлөх ажлын хэсэг гарсан ч үндсэн цалинд ямар нэгэн өөрчлөлт байхгүй гэсэн дүгнэлт гарсан. Үлдсэн яамд нь үндсэн цалинг нэмэх ёстой гэсэн байр суурь дээр нэгдсэн. 2026 оны төсвийг хэлэлцэж байгаа энэ үед боловсролын салбарын төсөв ямар ч нэмэгдэлгүйгээр яригдаад явж байгаа нь бид бүхний 2026 онд тавьсан шаардлага биелэхгүй байна гэж харж байгаа. Үүний дараа тэмцэл хөдөлгөөн, жагсаал цуглаанаа эхлүүлсэн. Жагсаал цуглаанаас шаардлага хүргүүлсэн. Шаардлагын хариу аравдугаар сарын 5-нд ирэх байсан боловч одоог хүртэл шийдтэй хариу ирээгүй. Боловсролын яамнаас хариу ирсэн ч яг өмнө хийж хэрэгжүүлж байсан чиглэлээрээ хариу ирсэн. Дэлхийн багш нарын өдрөөр буюу аравдугаар сарын 5-наас суулт хийж нийт таван өдөр суулт хийсэн. Ингээд дахин шаардлага хүргүүлсэн ч жуулчлалын шийдвэр гарсан. Жуулчлалын хариу мөн дорвитой шийд гараагүй учраас дараагийн шат болох ажил хаялт руу шилжиж байна. Ажил хаялтын шийдвэр аравдугаар сарын 9-нөөс албан ёсоор эхэлсэн. Ингээд дахин шаардлага хүргүүлсэн ч ирүүлсэн хариу дээрээ МБШУҮЭХ-ны удирдлагуудад гэж хаяглан манай байгууллагын дотоод үйл ажиллагаа руу орж байгаа асуудлуудыг тавьсан. Мөн тус хариу дээр сайдын зүгээс буруу ташаа ойлголт үүсэх хариултыг өчигдөр Боловсролын сайд хэвлэл мэдээллийн байгууллагаар өгсөн байна лээ. Бидний уулзалтаар арга хэмжээ авна, дараагийн шатанд хийх ажлын төлөвлөгөө зэргээр баталсан ч сайд тохиролцсон мэтээр ярьсан нь гүтгэлгийн шинжтэй байна гэж үзэж байгаа. Мөн нэг талыг барьсан гэсэн утгатай зүйл ярьсан. Бид саналуудаа бүх төрийн байгууллагад гаргаад явсан. Нэг талыг хэт барьсан зүйл огтоосоо байхгүй. Дээр нь улстөржиж байна гэж хардахад хүргэж байна гэж хэлсэн. Бид ямар нэгэн байдлаар улс төржөөгүй. Бид УИХ тар, УИХ-ын дарга огцор, Ерөнхий сайд огцор гэж жагсаал цуглаан дээр хэлээгүй. Ажлаа хийгээч ээ, бид бүхний цалинг нэмээд өгөөч ээ, 2026 оныг Боловсролын жил болгосон юм чинь асуудалд анхаараад өгөөч ээ гэж л байр сууриа илэрхийлсэн. Гэвч улстөржлөө хэмээн хүлээн авсан. Энэ ажил хаялт зөв байна, буруу байна гэж сайд тайлбарлахгүй. Нийгэмд мэдээ мэдээлэл гарахыг сайд тайлбарлахгүй. Шүүхийн шийдвэр гарч зөв бурууг дэнсэлнэ. Түүнээс өмнө сайд ийм тайлбар өгч байгаа нь ажил олгогчийн зүгээсээ дарамт шахалт үзүүлж байна гэж харж байна. Бид бүхэн хүргүүлсэн шаардлага, шийдвэрийг нийт монголын боловсролын салбарт ажиллаж байгаа багш, ажилчдын зөвлөлөөс нэгтгэн гаргаж хүргүүлсэн. Гэтэл зөвхөн холбооны удирдлагуудад хаяглан шаардлагын хариуг өгч байгаа нь холбооны үйл ажиллагаанд төрийн зүгээс санаатайгаар оролцсон, улстөржсөн, холбооны асуудалд санаатайгаар нөлөөлсөн асуудал хэмээн харж байна.