Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан 2025 оны аравдугаар сарын 16-ны өдөр өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-д гаргаснаа мэдэгдлээ. Түүний дараа мэдээлэл хийсэн юм.
Тэрбээр хэлэхдээ "Миний бие төрийн ажлыг гацаахгүй, улс төрийн хямралд оруулахгүйн тулд хувийн шийдвэр гаргаж, өргөдлөө УИХ-д өглөө. УИХ-д өгсөн өргөдлийг минь УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хэлэлцэж, өнөөдрийн Төрийн байгуулалтын байнгын хороо болон чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан байгаа. Ийнхүү ТББХ хуралдаж, миний хүсэлтийг хэлэлцээд 100 хувийн саналаар дэмжсэн. Улс төр гэдэг олон талтай, олон утга агуулгатай, өрсөлдөөн тэмцэл дундуур оршдог зүйл. Улс төр тунгалаг, шударга, ариун байх ёстой. Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлтийн төлөө гэсэн байр суурийн үүднээс би өргөдлөө өгч байна. Эрх чөлөөт ардчилсан Монгол Улс өнөөдөр хоёр салаа замын уулзварт ирээд байна. Эрх чөлөөт, парламентын засаглалаа хамгаалах уу, эсвэл хэсэг бүлэг хүмүүс төрийн эрх мэдлийг ашиглан парламентыг барьцаалж, дарангуйллын зам руу орох уу гэдэг шийдвэрийн цэг дээр ирлээ. Энэ эрсдэлийг тооцож, миний бие Үндсэн хуулиар 126 гишүүнтэй холимог тогтолцоог санаачилж, улс төрийн намуудтай зөвшилцөн батлуулсан. Хүн биш хууль засагладаг төртэй байхын төлөө, улс төрийн намууд нэг хүний өмч биш, хамтын удирдлагын баг байх ёстой гэж үздэг. Ардчилал, эрх чөлөөгөө хамгаалахын төлөө МАН-ын даргад өрсөлдсөн. Энэ үед би том эрх ашгийг сөрж, эр зориг гаргасан. Гэвч сүүлийн өдрүүдийн үйл явдлууд парламентын засаглал, ард түмний итгэлийг сулруулж, дарангуйллын сүүдэр бий болгож буйг нотолж байна. Ерөнхий сайд Г.Занданшатарт хандан “Монгол төрийн үйл ажиллагааг тогтвортой, хэвийн үргэлжлүүлэхийн тулд хоёулаа хамт огцрох нь зүйтэй гэж үзэж байна. Бусад улс төрийн дотоод асуудлыг МАН-ын Их хурлаараа хэлэлцэж, шийдвэрлэх нь зөв. Намайг албан тушаалтайгаа зууралдаж, шалгуулахгүй байна гэж олон нийтийг төөрөгдүүлсээр ирсэн. Нэр төрөө сэргээж, үнэн бодит байдлыг тогтоолгоно” хэмээн мэдэгдлээ.
Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Би батлагдаагүй, нотлогдоогүй зүйлээр хүний нэр төрд халдах ёс зүйтэй улстөрч биш. Бусдын гар хөл болж амь зогоож байгаа зарим нөхдийн ярьж байгаачлан би гэмт хэрэгт холбогдсон зүйл байхгүй. Гаднын мэдээллийн сайт дээр төлбөртэй тавьсан мэдээлэлд үндэслэж улстөрчдийн нэр хүндэд халдаж байгаа байдал надаар дуусаасай гэж би бодож байна. Монголын улс төр илүү хариуцлагатай илүү мэргэжлийн түвшинд очих цаг нь ирсэн. Бид 21-р зуунд амьдарч байгаа ард иргэд. Энэ зуунд амьдарч байгаа хөгжил дэвшилтэй хөл нийлүүлж байх учиртай. Гэтэл гаднын мэдээллийн эх сурвалжийг үндэслэл болгож гэмт хэрэгт холбогдсон мэтээр олон нийтэд зарлаж байна гэдэг ямар нэгэн аргаар өрсөлдөгчөө намнах арга байсан гэж бодож байна.
Парламент бүтэн өдөржин ирцээ хангахгүй, хуралдаж чадахгүй хэмжээнд хүрч байна. УИХ-ын гишүүдийн өөрийн итгэл үнэмшлээр парламентын үйл ажиллагаанд чөлөөтэй оролцох, шийдвэр гаргалтад саналаа өгөх нөхцөлийг хязгаарлаж байна. Улс төрийн дарангуйллын шугамаар чуулганы хуралдаанд ирц нь бүртгэгдэхийг дарамталж байна, ирцдээ орвол хохино шүү гэдэг байдлаар хандаж байна.
Би өнгөрсөн өдрүүдэд асар их мөнгө хөрөнгө, эрх мэдлийн эсрэг үзлээ. Гэхдээ би хүчин мөхсөдөж бууж өгч байгаа зүйл биш. Ажлаа өгч байгаад энэ бүгдийн эсрэг илүү хүчтэй, тууштай тэмцэнэ.
Би ямар нэгэн хэрэгт холбогдож хуулийн байгууллагат шалгагдаагүй. Аливаа шатны шүүхийн байгууллагаар Амарбаясгаланг гэм буруутай гэсэн тогтоол нэг ширхэг ч байхгүй. Би өөрөө өөрийгөө гэм буруутай юу гэж шалгуулаад явж байх шаардлага үндсэн хуулиараа байдаггүй. Холбогдоогүй хэрэгтээ гэм буруугаа нотол гэх зарчим анх удаагаа Монгол Улсын парламентын түүхэнд бий болсон. Үүнийг Монгол Улсын парламентын түүхэнд кейс болж үлдээхгүйн тулд өөрийнхөө хүсэлтээр чөлөөлөгдөж байна.
Аливаа шийдвэр ямар нэгэн бүлэглэлийн эрх ашгийн төлөө биш, сонгосон ар иргэд сонгогчдын төлөө шийдвэр гаргадаг байх учиртай. Харамсалтай нь одоогийн байдлаар Монголын төрийг удирдаж байгаа бизнесийн томоохон бүлэглэлүүдийн асар хүчтэй нөлөөллөөр УИХ-ын гишүүд шийдвэр гаргаж чадахгүй, парламентын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг алдагдуулж байгаа хэмжээнд хүрч байгаа. Миний хувьд үүнийг мэдэж, парламентын үйл ажиллагааг хэвийн явуулах чиглэл дээр онцгойлон анхаарч ажиллаж ирсэн. Өнөөдөр УИХ-ын дарга огцорч байгаа асуудал нь цаашдаа хэвийн үзэгдэл болж, парламентын тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөлд сөргөөр нөлөөлөхгүй байх учиртай гэдэгтэй санал нэг байна.
МАН-ын Бага хурал, Их хурал ирэх өдрүүдэд болно. МАН цаашдаа улс төрийн үйл ажиллагааг тогтвортой, зарчимтай, хүчирхэг хэлбэрээр авч явахад хэн удирдаж явах вэ гэдэг шийдвэрийг Бага хурлын болон, Их хурлын гишүүд гаргана.
Парламентаар хэлэлцэж байгаа асуудал маш чанаргүй байгаа. Засгийн газраас ирж байгаа хуулийн төслүүд, тогтоолын төслүүд, ард иргэдийн бодит асуудлыг шийдвэрлэхийн төлөө биш, цаг зуурынхаа оршин тогтнох нөхцөлийг хангахын төлөө төслүүд өргөн баригдаж орж ирж байгаа. Тиймээс парламентад суудалтай улс төрийн намууд, УИХ-ын гишүүд асуудлыг олон талаас нь харж , зарим шаардлагагүй хууль тогтоолуудыг буцааж байгаа үйл явдлууд нэмэгдсэн. МАН дангаараа Засгийн эрх барьж байхад жилдээ 400 хүртэлх хууль, тогтоолыг баталсан байдаг. Гэхдээ өнгөрсөн жил 250 орчим хууль, тогтоолыг баталсан. Олон улсын жишиг дунджийг харвал парламент нь илүү чанартай, баталгаатай шийдвэрүүдийг гаргахад тоо бол чухал биш байдаг. Олон улсын жишгээр 130-150 хууль, тогтоолыг баталж чадаж байвал чанартай шийдвэр гаргаж байна гэж үздэг. Бид илүү тооны араас явдаг учир парламентын зарим шийдвэрүүдийг тоон дээр нь аваад парламент сул ажиллаж байна гэх дүгнэлтийг гаргах гээд байдаг. Нөгөө талдаа ард иргэд парламентын шийдвэр шууд амьдралд хүрэхгүй байна гэдэг дүгнэлт гаргаад байдаг. Засгийн газраас оруулж байгаа төслүүд чанар муу, ард иргэдийн амьдралын бодит нөхцөлийг мэдрэхгүй байна, аль шийдвэрийг түрүүлж парламент шийдвэрлэвэл илүү үр дүнтэй вэ гэдгээ шийдэж чадахгүй байгаатай шууд холбоотой асуудал байдаг.
Улс төрд хуваагдал, үзэл бодлын зөрүү байнга л гардаг, санал бодол нийлэхгүй байлаа гээд салж сарниж байгаа хэлбэрээр, гэрээсээ гарч байгаа хүн шиг байж болохгүй. Үүнийг шийддэг ганц л арга байдаг, олонхын зарчим. Олонхоороо шийдсэн асуудлыг цөөнх нь дагаад явдаг нь ардчиллын суурь зарчим. Цөөнхийн үзэл санааг хүндэтгээд , үйл ажиллагаандаа хэрэгжүүлээд явах нь олонхын үүрэг.