Монгол Улс өнөөдөр экспортынхоо 94-95 хувийг боловсруулаагүй түүхий эдээр бүрдүүлж байна. Үлдсэн жаахан хувь нь хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн. Өөрөөр хэлбэл бид үйлдвэрлэдэг улс биш, зүгээр л ухаж гаргаад зардаг улс. Энэ тогтолцооны хамгийн том сул тал нь үнэ биднээс огт хамаардаггүйд оршино. Дээрээс нь далайд гарцгүй, логистикийн өртөг өндөр, тээвэрлэлтийн боломж хязгаарлагдмал. Ингээд бодохоор бид түүхий эдээ их хэмжээгээр зөөж байж л бага орлого олдог бүтэцтэй.
Сүүлийн жилүүдэд эдийн засаг тэлж, гадаад худалдаа өсөж байгаа нь үнэн. Гэхдээ энэ өсөлтийн цаана ганцхан нүүрс, зарим үед зэс гэсэн хоёрхон бүтээгдэхүүний “аз, зол” явж байгаа. 2024 онд экспортын хэмжээ өмнөх онтой ойролцоо хадгалагдсан хэрнээ орлого нь гурван тэрбум ам.доллараар буурсан нь үүний тод жишээ. Хэрэв Оюу толгойн далд уурхай ажиллаж эхлээгүй байсан бол Монгол Улс 2016 оны хямралтай тун ойрхон очих байлаа.
Өнөөдөр манай экспортын бүтэц тун энгийн: ойролцоогоор 40 хувь нь зэсийн баяжмал, 30 орчим хувь нь нүүрс, үлдсэн нь бусад түүхий эд. Гурван багц дээр л бүх эдийн засаг тогтож байна гэсэн үг. Энэ гуравын нэг нь ганхахад л нийт эдийн засаг дагаад савлана.
Нүүрсний жишээ үүнийг хамгийн тод харуулна. Бид тонн тонноор нь их хэмжээгээр зөөж, “өсөлт” ярьдаг. Гэтэл бодит байдал дээр нэг тонн нүүрсний үнэ 2024 онд 83 ам.доллар байсан бол 2026 оны эхээр 66 ам.доллар болж унасан. Үнийг бид тогтоохгүй, зах зээл тогтооно. Харин бид уналтыг нөхөхийн тулд улам их хэмжээгээр олборлож, тээвэрлэж, илүү их зардал гаргаж байна. Өсөлт харагдавч ашиг багасч байгаа нь энэ.
Гэтэл улстөрчдийн бодлого нэг жилийн төсвийн орлогоо нэмэхээс цааш хэтэрдэггүй. Урт хугацааны бүтцийн өөрчлөлт, эрсдэлийн удирдлага гэдэг зүйл бараг яригдахгүй байна.
Хөдөө аж ахуйн өсөлт ч мөн адил “тоон дээрх өсөлт” байх магадлалтай. Учир нь бид үйлдвэрлэлийн гарцыг биш, малын амьдын жингээр ДНБ-ээ тооцдог. 58 сая малтай ч яг ямар ашиг шим хүртэж байгаагаа бодитоор хэмжиж чаддаггүй. Энэ бол статистикийн өсөлт байж болохоос бодит эдийн засгийн өсөлт биш.
Олон улсын гэрээ, хэлэлцээрүүд ч бас их найдвар төрүүлэхгүй. Монгол Улс 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагад элсэж, 2016 онд Японтой эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан. Гэвч бодит үр өгөөж нь бараг мэдрэгдээгүй. Харин ч зарим тохиолдолд дотоодын зах зээлээ нээж өгөөд хохирсон тал бий. Тиймээс Евразийн шинэ хэлэлцээрээс богино хугацаанд ашиг хүртэнэ гэж хэт өөдрөгөөр харах шалтгаан бага.
Дээрээс нь геополитик. Дэлхий 2022 оноос хойш тогтворгүй болж, дайн, зөрчил энгийн үзэгдэл мэт болсон. Ойрхи Дорнод, Тайванийн хоолой, Хойд Солонгос, Өмнөд Хятадын тэнгис гээд дэлхийн худалдааны судас болсон бүсүүд бүгд эрсдэлтэй. Ялангуяа Тайванийн орчимд зөрчил үүсвэл Зүүн Азийн тээвэр бүхэлдээ саатах эрсдэлтэй. Тэр үед Монгол Улс импорт, экспортын ганц сувгаараа “амьсгалж” байгаа нь ил гарна.
Хачирхалтай нь ийм эрсдлийг бид дайн эхэлсний дараа л ойлгож, арга хэмжээ авдаг. Эрчим хүч, шатахуун дээр яг ийм алдаа давтагдсан. Одоо ч давтагдаж байна. Гэтэл гарц, тээврийн сүлжээг олон болгох ажил бол олон жилийн өмнөөс эхлэх ёстой стратегийн бодлого. Торгоны зам манай хажууд байхад бид холбогдож чадаагүй хэвээр.
Орос, Украины дайн ч Монголд нөлөөлсөн. Европ руу чиглэсэн транзит тээвэр зогсож, агаарын орон зай хаагдсанаар нислэгийн орлого буурсан. Шууд хямрал биш ч “чимээгүй алдагдал” бий болсон. Харин нэг талаараа Оросын зах зээлийн хязгаарлалт Монголд давуу тал өгсөн нь бий. Ангарскийн нефть боловсруулах үйлдвэр Монголыг бараг цорын ганц гадаад худалдан авагч гэж харж, үнээ өсгөх боломжгүй болсон. Энэ бол геополитикийн “санамсаргүй ашиг”.
Эцэст нь дүгнэвэл Монголын эдийн засаг өнөөдөр өсөж байгаа мэт харагдавч суурь нь хэврэг хэвээр. Хэдхэн түүхий эд, ганц хоёр зах зээл, нэг чиглэлийн тээвэр энэ гурав дээр тогтож байна. Үүнийг өөрчлөхгүй бол өсөлт гэдэг бол зүгээр л түр зуурын аз, харин хямрал бол зайлшгүй давтагдах цикл хэвээр үлдэнэ.
Б.АМАРТҮВШИН







Нийгэм








