УИХ-ын гишүүн Б.Энхбаяраас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
Тэрээр дараах байр суурийг илэрхийлэв:"Бүлгийн хуралдаан хаалттай болсон тул бусад гишүүдийн байр суурийг би өмнөөс нь ярих нь зохимжгүй. Харин миний зүгээс намын удирдлагуудыг оролцуулж байгаад энэ асуудлыг хэлэлцэх санал дэвшүүлсэн. Намын даргын зүгээс Намын удирдах зөвлөл болон Бага хурлыг хуралдуулъя гэж ярьсан.
Гэвч хэрэв энэ хурлаар Ерөнхий сайдын үр хүүхэд болон гэр бүлтэй холбоотой, улс төрийн ёс зүйн шинжтэй асуудлыг хэлэлцэх гэж байгаа бол би үүнийг зөвшөөрөхгүй. Энэ бол намын нийт гишүүдийн хариуцлага хүлээх асуудал биш. Ерөнхий сайдын хувь хүний асуудлыг бүхэл бүтэн намаар дамжуулан зохицуулах гэж оролдож байгаа нь буруу.
Ордон дотор байдал үнэхээр эмх замбараагүй болж байна. Гишүүд "намын даргаа хамгаалахаар буруутгагдах вий, юу хэлэхээр ямар үр дагаварт хүрэх бол" гэх зэргээр эргэлзэж, биеэ барьж байна.
МАН-ын дарга, ХҮН-ын дарга, АН-ын дарга гээд юу болоод байгааг ойлгохгүй байна. Энэ бол парламентын нийт асуудал биш. “Би үхэхдээ тулбал бүгд үхнэ шүү” гэх зарчмаар ажиллаж болохгүй. Хэрвээ асуудлыг хамтын хариуцлагын түвшинд авч очих гэж байгаа бол би энэ байр суурийг хүлээн зөвшөөрөхгүй."