УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэлээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
-Хамтарсан Засгийн газрыг тараах санал яригдаж байна. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Би хэд хоног чөлөөтэй байж байгаад сая орж ирлээ. Мэдээллийг сошиалаас авч байлаа. Хамтарсан Засгийн газрын тухайд гарах, орох тухай биш анхнаасаа хамтарсан Засгийн газар байгуулагдах үйл явц хуулийн хүрээнд бус гэж үздэг. Монгол Улсын Үндсэн хуулиар аль нэг нам эвсэл олонх болсон бол Ерөнхий сайдаа томилж Засгийн газраа байгуулна гэж байгаа. Одоо яригдаж байгаа энэ шаардлага бол зүй ёсных байх аа. Хуулийн хүрээнд байх аа гэж бодож байна.
-Танай намын зарим гишүүд өчигдөр хамтарсан Засгийн газраас сайд нараа гаргая гэдэг шаардлагыг хүргүүлсэн. Та бүлгийн даргын хувьд тухайн шаардлагатай танилцсан уу?
-2-3 шаардлага ирсэн байна. Үзлээ. Шаардлага үүсвэл бүлгийн хурал зарлаж бүлэг дээр ярина. Би бүлгийн өмнөөс шууд шийдвэр гаргах боломжгүй.
-Хамтарсан Засгийн газар тарвал намын даргад хариуцлага хүлээлгэх асуудал яригдана. Бүлгийн хурлаар намын даргад хариуцлага тооцох асуудал яригдаж байгаа юу?
-Үндэсний бодлогын хороо хуралдаж байж л асуудлаа ярина.
-ҮБХ хуралдах уу?
-Одоогоор ямар нэгэн хурлын тов гараагүй, би бас мэдээлэл дутмаг байна.
-Хамтарсан Засгийн газарт байгаа сайд нар тогтвортой байх ёстой гэсэн зүйл яригдаж байна. Бүлэг дээр энэ талаар яригдсан уу?
-Одоогоор яригдаагүй байна. Өчигдөр бүлгийн хурлаар бусад хэлэлцэх ёстой асуудлуудаа хэлэлцсэн. Бид бусад гишүүд, бүлгийнхэнтэй холбогдож мэдээлэл солилцож ажиллана.
-Намын даргыг солих уу?
-Өнөө жил өөрөө их онцлог. Улс төрийн намын тухай хуулиар эхлээд намууд дүрмээ өөрчилж шинэчлэх ёстой. Дүрэм өөрчлөгдвөл түүний дараа зохион байгуулалтын ажлууд яригдах болов уу. Эхлээд бужигнахаасаа өмнө бид дүрмээ өөрчлөх шаардлага үүсэх болов уу.
-Та АН-ын хувь гишүүний хувьд АН-ын даргыг хэр сайн ажиллаж байна гэж дүгнэж байна вэ?
-Мэдээж төлөөллийн байгууллага гэрээ хэлэлцээр, сонгуулийн дүнгүүдээ ярилцдаг. Миний хувьд 2024 оны сонгуульд энэнээс өндөр амжилттай оролцох боломж байсан гэж би дүгнэнэ.
-Намын чинь даргын нэр хүнд уначихлаа. Солих асуудлууд яригдаж байна. ҮБХ-ны хурлаар эцэслэх байх. Тэгэхээр ҮБХ-ны хурал хэзээ товлогдох юм бэ?
-Мэдээж улс төрийн нам олонхоороо ярилцаад саналаа гаргаад, шийдээд явна. Гэхдээ УЛс төрийн намын тухай хуулиар дүрмээ шинэчлэх ажил бидэнд тулсан байна. Тэгэхээр зохион байгуулалтын ажил, намын дарга удирдлагаас өмнө дүрмээ илүү цэгцтэй болгож өмнөх алдаанаасаа сургамж авсан, ирээдүй рүү харсан дүрмийн өөрчлөлтөө хийж байж товлогдох болов уу гэж би бодож байна.
-Хамтарсан Засгийн газар маш их томилгоо хийсэн. Энэ асуудал өөрчлөгдөх үү?
-Энэ томилгооны асуудал дээр янз бүрийн зүйл байгаа. Гэхдээ хэн нэгэн хүн Монгол Улсын иргэн ажилд орсон бол Ардын намд очиж ажилд ороогүй байх аа гэж бодож байна. Монголын төрд, төрийн албанд ажилд орсон байх аа гэж бодож байна. Тэгэхээр Ардын намын төр, ялсан намын төр гэдэг ойлголтыг өөрөөр үзэх ёстой л гэж боддог.
-14 мега төслийг хамтарч байж л явуулна гээд байгаа. Том төслүүдээ заавал хамтарч байж явуулах ёстой юу?
-Ер нь мега төсөл гэдэг үгэнд хүртэл би эмзэг ханддаг. Мега төсөл гэдэг чинь төр томроод, төрийн компани төсөв томроод, энийг дагаад авлигын асуудлууд гарч ирээд байна шүү дээ. Энэ гарч ирж байгаа бүх асуудлууд том төрийн л улбаа. Үүгээрээ биш гэхэд нөгөө талаараа дахиад л авлигын асуудал. Энэ чинь өөрөө үндэс суурийг нь услаад байна шүү дээ. Мега төсөл чинь төрийн өмчтийн том том төслүүд, төрийн өмчит том том компаниуд байгуулна гэсэн үг. Төр муухай гэхдээ мега төсөл сайхан юм шиг яриад байж бид болохгүй. Миний хувьд мега төсөл гэдэг зүйлд маш болгоомжтой хандах ёстой. Үүний цаана дахиад мега хулгай гарна шүү. Энэ мега төслийг аль болох төрийн оролцоогүйгээр яаж хийх, төрийн бага оролцоотой яаж явуулах вэ гэдэг бодлогыг барихгүй бол болохгүй гэж боддог. Хоёрдугаарт, мега төсөл нэрийн дор ардчилал хүний эрхийг хумьсан үйл явцууд их гардаг. Тэгэхээр энэ бүгдэд иргэний орон зайг хумьсан бодлогын өөрчлөлтүүд гардаг. Энэ бол буруу л гэж боддог. Мега төсөл гэдэг асуудалд бид маш болгоомжтой хандахгүй бол энэ нь өөрөө дахин шинэ шинэ авлигын үүд хаалгыг томоор нээж байна л гэж боддог.
-Та хувь гишүүнийхээ хувьд Ерөнхий сайдын хүүгийн асуудалд Ерөнхий сайд өөрөө ёс зүйн асуудал ярих ёстой юу. Үүнийг юу гэж харж байна вэ?
-Миний хувьд залуучууд маш эрүүл энгийн шаардлага тавьж байна. Орлогоо нотол л гэж байна. Хэн ч ямар ч хэрэглээтэй ямар ч худалдан авалтыг хэн ч хийж болно. Өнөөдөр бид зах зээлийн чөлөөт эдийн засгийн нийгэмд амьдарч байна. Гэхдээ энэ орлогоо нотол, орлого чинь хууль ёсных уу, орлого чинь татвар төлсөн орлого уу. Үүнийгээ нотол гэдэг шаардлагыг залуучууд тавьж байна. Энэ үнэн, маш энгийн шаардлага. Ингэж нийгмийг талцуулж, улс төрийн асуудал болгож байхын оронд орлогоо нотолчих. Мөнгө мөртэй гэдэг үг байдаг биз дээ. Тэгвэл тэр мөртэй элдэв зүйлүүдээ л харуулчих л даа. Тэгээд л болоо шүү дээ. Харуулж чадахгүй бол хариуцлагаа хүлээх ёстой.
-АН-ын дарга Ж.Баярмаа гишүүнийг хамгаалаагүй байж Ерөнхий сайдыг хамгаалсан байр суурь илэрхийлсэн. Үүнийг та хэрхэн хүлээж авав?
-АН-ын даргын хувьд би мэдээлэл дутуу байна. Жагсаж байгаа жагсагчдын ард хэн нэгэн байгаа, хэн нэг хүмүүсийн дохио зангаагаар явж байна гэдэг үгэнд би жаахан эмзэглэсэн. Энгийн эрүүл орлогоо нотолчих гэж шаардлага тавьж байгаа залуучуудыг үгүйсгэж, үзэл бодлоо илэрхийлж байгаа залуусыг үгүйсгэж байгаа нь өөрөө зарчимгүй явдал. Тэр тусмаа АН-ын даргын хувьд байж боломгүй явдал гэж үзэж байна.
-Өмөөрч байгаа дарга нар өөрсдөө тийм хэмжээний хэрэглээтэй болчихсон юм уу гэж харж байна л даа?
-Ардчилсан нийгмийн үед хэн ч ямар ч хэрэглээтэй байж болно. Харин энэ хэрэглээ нь хууль ёсны орлого мөн юм уу. Татвар төлсөн орлого мөн юм уу гэдгээ л олон нийтэд нотолчихвол тэгээд болоо биз дээ.