Сумын наадамд 11 түрүүлж, 4 үзүүрлэсэн, сумын манлай заан Лодойн Бүлтэг агсны нэрэмжит Баянхонгор аймгийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан, Шинэжинст сумын “Залаагийн хүчтэн” бөхийн дэвжээний нээлтэд Улсын арслан Э.Оюунболд, Улсын начин Э.Батмагнай нар урилгаар оролцжээ.
Лодойн Бүлтэг агсны алдрыг олонд таниулан, өв соёл, үүх түүхээ хүндэтгэн Улсын арслан Э.Оюунболд, Улсын начин Э.Батмагнай нар шинэ дэвжээнээ барилдсан байна.
Улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдааны шөвгийн дөрөвт Улсын арслан Э.Оюунболд, Улсын начин Э.Батмагнай, Аймгийн арслан Ч.Алтангэрэл, Аймгийн начин Э.Бямбадорж нар шалгарснаас улсын начин Э.Батмагнай түрүүлж, улсын арслан Э.Оюунболд үзүүрлэжээ.
Үндэсний бөхдөө хайртай нутгийн зон олныг хүндэтгэн, шинэ дэвжээний нээлтэд оролцсон түрүү үзүүр, шөвөг бөхчүүдэд залаажинстийн цагаан ямааны ноолуураа Шинэжинстчүүд дээжлэн барьжээ.
