Бензиний үнэ 200 төгрөгөөр нэмэгдсэн. Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанаас тодрууллаа.
“Засгийн газар, ШӨХТГ оролцдог үнийн зөвлөл гэж бий. Энэ зөвлөл тавдугаар сарын 5-ны өдөр хуралдаж, 25-ныг хүртэл шатахууны үнийг нэмэхгүй байх, харин 25-нд дахин ярилцахаар тохиролцсон. Гэвч нефт импортлогч компаниуд энэ тохиролцооноосоо гэнэт буцаж, үнийг нэмсэн. Энэ бол тохирсон зүйлээсээ гэнэт буцсан шийдвэр бөгөөд зохисгүй үйлдэл.
Манай импортолж буй бензиний үнэ огт нэмэгдээгүй, харин дизель түлшийн хувьд тонн тутамд 100 ам.доллараар буурсан байхад ийм нөхцөлд үнийг нэмэгдүүлэх үндэслэлгүй гэж бид үзэж байгаа.
Импортлогч компаниуд валютын ханшийн өсөлт АИ-92 төрлийн бензинд нөлөөлсөн гэж тайлбарласан. Энэ үндэслэлээр үнээ нэмсэн гэсэн. Харин өнөөдөр үнийн зөвлөлийн гишүүд албан ёсоор уулзаж, энэ асуудлыг хэлэлцэнэ.
Шунхлай компани АИ-92-оос бусад төрлийн шатахууны үнийг 200 төгрөгөөр бууруулсан.
Яамны зүгээс шууд хуулийн арга хэмжээ авах боломж хязгаарлагдмал. Ийм төрлийн асуудлыг үнийн зөвлөл зөвшилцлийн байдлаар шийддэг.
Энэ талаар ШӨХТГ-т хандсан. Нефтийн компаниуд илүү хүлээцтэй, ойлголцлын зарчмаар хандаж болох байсан гэж бид үзэж байна.” гэлээ.