Одоогоос 20 хоногийн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн найз бүсгүй өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан үнэтэй бэлэг сэлт, бэлэн мөнгө, машин тэрэг авч буйгаа дэлгэсэн. Мөнгөний баримжаа, тоогоо мэдэхээ байсан хүүхдүүийн тансаглал татвар хураамж пуужин шиг хөөрч авдаг цалин нь цаас болж буй иргэдийн уур бухимдлыг тэсэлсэн. Эрхэлсэн тодорхой ажилгүй, АНУ-д хэлний бэлтгэлд сурдаг 22 настай хүү ямар орлогоороо ингэж тансаглав гэх асуултыг иргэн бүр асуусан. Залуус төв талбайд нэгдэж “Огцрох амархан” жагсаалыг эхлүүлж 16 дахь өдрөө үргэлжилж байна. Тэсэрсэн иргэд хоёрхон долоо хоногт 38 мянган гарын үсгийг цуглуулав.
Ерөнхий сайдын хувийн асуудал тогооноосоо хальж итгэл үзүүлэх тухай тогтоолыг ирэх долоо хоногт УИХ хэлэлцэх гэж байна.
Өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайдын худ гарч ирж худ тайлбар хийж олон нийтийн бухимдлыг улам өрдөв. Засагт хамтарсан намын дарга нар ч өмөөрөх үгээ, байгаа ололгүй бүлтэлзэв. Бусад гишүүд ч хэлэх үгээ бэлдэцгээж бүгд тоть мэт Хамтарсан Засгийн газар үргэлжлэх ёстой, том төслүүд гараанаас гарсан гэх үгийг давтацгаав. Засгийн газрыг огцруулах тухай албан ёсны бичиг цаас гаргасан Ч.Лодойсамбуу гишүүний албан бланкад сүүдрээ ч тусгаагүй атлаа ордноос гараад залуусаа би та нарын талд шүү гэх худал улс төр хийв. Тэдний худал улс төрийг хэрсүү залуус бүгд тогтоож авсан биз.
Асуулт хөвөрсөөр... Жагсаалын 5 дахь хоногт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө хаа нэг газар буюу ард түмнээсээ нуугдаж үндсэн асуултад бус “Ялаануудаа битгий горьд” гэсэн тавилттай, бэлдсэн үгээ хэлснээр гал дээр том нэмсэн юм.
Үргэлжлээд залуусын жагсаалд амь оруулах, галын дэмжлэг өгөх ажиллагаа үргэлжилж жагсагчдыг хоёр тал болгон хуваах гэж жинхэнэ ялаа мэт дүнгэнэцгээж эхлэв? Гэвч үзэл бодолдоо үнэнч залуусын нэгдэл тэдны ялааны насыг өдөрт нь дуусгав.
Жагсаалын 10 дахь хоногт эрх баригч МАН-ын бага хурал болов. Бага хурлын 400 гаруй гишүүд дунд намын даргаасаа ёс зүй, шударга ёс нэхэх зориг зүрхтэй нэг ч гишүүнгүй 12 цаг хуралдаж Хамтарсан Засгийн газраас гэрээгээ зөрчсөн улс төрийн намыг гаргах тухай тогтоолыг албажуулав. Харин албан бусаар Ардчилсан нам Засгаас гарах тухайгаа мэдэгдэв. Албан бус гэхийн учир нь МАН-ын бага хурлын тогтоолд аль нэг намын нэрийг цохон тэмдэглээгүй, УИХ дахь Ардчилсан намын бүлэг ч тэр Хамтарсан засгаас албан ёсоор гарахаа зарлаагүй халагдах тушаалаа хүлээж байна гэдгээ илэрхийлсэн юм.
Үүнээс цааш газар үгүй шахам болсон Ерөнхий сайдад үндсэн хуулийн өөрчлөлтөөр хоёр сонголт байсан. Нэг нь өргөдлөө өгөөд огцрох, нөгөөх нь итгэл хүлээлгээч гэж хэлээд үлдэх. Тэр үлдэхийг сонгосон. Зам хэдий хол ч салаатай гэдэгчлэн Итгэл хүлээлгэх тогтоол УИХ-д оруулахын тулд түүнд салаа гарц хэрэг болсон. Учир нь хуульд зааснаар дээрх тогтоолыг өргөн барихын тулд нэг бол төсөв нөгөө бол бодлогын асуудал оруулах учиртай. Л.Оюун-Эрдэнэд бодлогын асуудал байгаагүй түүнд хүүгийнх нь сүйн бөгж л байсан. УИХ-ч тэр хамтарсан засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан ажлуудыг торох юмгүй дэмжээд явуулсан.
Тиймээс Ардчилсан намын найман сайд хамтарсан Засгаас гарах тухай өргөдлөө өгсөн тул мөрийн хөтөлбөрт туссан эрчим хүчний реформ, мега төслүүд, баялгийн сан, бүсчилсэн хөгжлийн ажлууд цаашид явах боломжгүй боллоо, итгэл хүлээлгээч гэх агуулга уншигдаж байгаа юм. Энэ салаа гарцыг Лу.Гантөмөр нээж өгсөн Засгийн газрын хуралдааны дараа хэвлэлд өгсөн түүний ярианаас ч энэ агуулга нь цөм харагдана. Дээр нь хэрэв итгэл хүлээлгэвэл АН-ын сайд нар хамтарсан засгийн газрын ажлаа үргэлжлүүлэх үү? гэх асуултад нэг нь ч ҮГҮЙ гэж хэлсэнгүй.
Итгэл хүлээлгэх тухай тогтоолыг эцэслэн шийдвэрлэх хүртэл хуулийн хугацаа 13 хоног. Энэ өдрүүдэд гар хуруу, сандал суудлын тохироо үргэлжилнэ. 64 хурууг авдартаа хураавал тэд үлдэнэ. Эцсийн хүсэл нь энэ. Энэ хүсэлд хэн хясаж чадах вэ?
Хясаж чадахгүй бол ёс зүй, зарчим, шударга ёс хаана үлдэх вэ?