Б.Чойжилсүрэн: ТЭЦ-3 дээр тавдугаар сарын 20-ны өдөр есдүгээр турбинд осол гарсан. Хуулийн байгууллага тагнуул, цагдаагаас шалгалт явж байгаа. Тодорхой болох байх. Цахилгааны хувьд 2025-2026 оны өвлийн оргил ачааллын үеэр 5 мВт дутагдалд орно. Үүнийг бусад эх үүсвэрээс шийдэх шийдэл хайж байна. Дулааны тухайд ТЭЦ-3-ын есдүгээр турбин нь дулаан цахилгаан хослон үйлдвэрлэдэг горимоор ажилладаг байсан. Дулааны зуух нь гэмтээгүй байгаа учраас энэ өвөлдөө зөвхөн дулаан үйлдвэрлэх горим руу шилжүүлнэ. Дулааны хувьд асуудал гарахгүй байх гэж бодож байна.
-Таныг өнгөрсөн хугацаанд Эрчим хүчний сайдын үүргийг сайн гүйцэтгэсэн гэж үзээд улирааж байна уу. Яг ямар шалгуураар улираасан гэж үзэж байна вэ?
-Сайдаар томилох асуудлыг би мэдэхгүй. Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал учраас Ерөнхий сайд үүнд тодорхой хариулах болов уу. Би өөрийгөө сайн, муу ажилласан гэж дүгнэх нь ёс зүйгүй хэрэг.
-Та дараагийн Засгийн газарт үргэлжлүүлэн ажиллах нь ёс зүйгүй үйлдэл. Хариуцлага хүлээнэ гэж мэдэгдэж байсан шүү дээ?
-Энэ тухайд ёс зүйн хувьд ийм асуудал гарсан. 2025 оны гуравдугаар сарын 19-ний өдөр Засгийн газрын тогтоол гараад эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын 66 хувийн хувьцаа эзэмших эрхийг Эрдэнэс монгол компанид шилжүүлсэн. Энэ шийдвэрийг гаргуулахгүй талаар нэлээд хөөцөлдөж явсан боловч харамсалтай нь энэ шийдвэр гарсан. Зургадугаар сарын 10-ныг хүртэл эрчим хүчний компаниудын менежментийг Эрдэнэс монгол компани хэрэгжүүлсэн. Осол гарсны дараа буюу 2025 оны зургадугаар сарын 4-ний өдөр Эрдэнэс монгол компаниас ТЭЦ-3 дээр гарсан ослын талаар танилцуулга явсан. Засгийн газрын хуралдаан дээр бас нэлээдгүй маргаан мэтгэлцээн явсны эцэст зургадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн буцаагаад Эрчим хүчний сайд эрчим хүчний төрийн өмчит компаниудын менежментийн эрхийг хэрэгжүүлэх шийдвэр буцаад гарсан. Ийм л байдалтай байна.
-Aqua garden хорооллын асуудлыг яах вэ?
-Тэнд ямар асуудал байгаа юм бэ?
-Нураана гэсэн шийдвэр гарсан ч цахилгаан эрчим хүч, дулаанаар хангаад байгаа шүү дээ.
- Aqua garden хорооллын дэд бүтэц, эрчим хүчний зөвшөөрлийг Эрчим хүчний яам олгосон гэх асуудал яригддаг. 2015 он, 2018 он, 2022 оны тавдугаар сард эдгээр шийдвэрүүд гарсан юм байна лээ. Дулааных нь тухайд. Би 2022 оны наймдугаар сарын 30-ны өдөр Эрчим хүчний сайдаар томилогдсон. Намайг сайд болохоос 3 сарын өмнө хамгийн сүүлчийн шийдвэр гарсан байна лээ. Би сайд болсноосоо хойш Улаанбаатар цахилгаан түгээх ХК, Улаанбаатар дулаан түгээх компаниудад Aqua garden хороололтой холбоотой маргаан шүүмжлэл их гарч байна. Урьд нь гаргасан шийдвэрээ хууль журамд нийцүүлж хэрэгжүүлээрэй. Aqua garden хорооллын тодорхой хэсэг нь Нийслэлийн Засаг даргын захирамжаар нураах шийдвэр гарсан байна. Тиймээс нураах хэсгийг нь цахилгаан дулаанаар хангах асуудлыг хууль номд нийцүүлээрэй. Зөвхөн баримтад тулгуурлаж ажиллаарай гэдэг чиглэлийг өгч ирсэн.
-Эрчим хүчний салбар өвөлдөө хэр бэлтгэж байгаа вэ. Энэ жилийн өвлийг давахад бэлэн үү?
-2023, 2024 оны өвөлжилтийн бэлтгэлийг би сайдын хувьд хариуцаж хийж байсан. Хоцрогдолтой яваа үнэн. Өнгөрсөн жилүүдийн зургадугаар сарын 10-ны байдлаар өвөлжилтийн бэлтгэл 37-42 хувьтай байдаг байсан бол одоо 20 хувь гаруйхантай л байна. Зургадугаар сарын 10-наас эхлээд эрчим хүчний сайд, эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын хувьцааны дийлэнхийг эзэмшиж байгаагийн хувьд хувьцаа эзэмшигчийн эрхээ хэрэгжүүлж, эрх үүргээ хэрэгжүүлээд эхэлсэн. Ойрын хугацаанд хоцрогдлоо нөхөхөөр төлөвлөгөө гаргаад ажиллаж байна.
-Та анх сайд болохдоо аргална даа гэж хэлж байсан. Танд одоо арга бий юу?
-Би анх 2022 оны наймдугаар сард сайдаар томилогдоход сэтгүүлчид асууж байсан. Хүндрэлтэй олон асуудал байсан. Түүнийг товчлохын тулд аргална даа гэж хэлж байсан. Сүүлийн 2-3 өвөл тодорхой хэмжээний хүндрэлтэй нөхцөл байдлыг бид даван туулж байгаа. Дахиад 2025-2026 онуудад иймэрхүү байдлаар явах байх. 2027 оны зургадугаар сарын 10 гэхэд эрчим хүчний салбар өөрийнхөө хэрэглээг даваад нийлүүлэлт эх үүсвэр нь давж гарна.
-Эвдэрсэн турбиныг хэзээ засаж дуусах вэ?
-Эвдэрсэн турбиныг засах нь утгагүй болж байна. Шинээр сольж тавих байх.