УИХ-ын нэгдсэн чуулган эхэлж Ерөнхий сайд Г.Занданшатар шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцууллаа. Ингээд гишүүд сайдуудаас асуулт асууж, саналаа хэлж, сайдууд хариулж байна.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Өнгөрсөн Засгийн газрын гишүүдээс бодлогоо барьж орж ирсэн сайд тун ховор. Тухайн үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлаа оруулж ирсэн болохоос биш яг салбарын бодлогын талаар Ж.Энхбаяр сайд нэг асуудал барьж орж ирсэн. Шадар сайд С.Амарсайхан нэг төсөл оруулж ирлээ. Бусад нь ярьсаар байгаад дууслаа шүү дээ. Н.Учрал сайд том төслүүдийг явуулах цөөхөн хэдэн зүйлүүд оруулж ирлээ. Бусад нь байгаагүй. Үүн дээр анхаарч ажиллахыг хүсэж байна.
УИХ-ын гишүүн У.Отгонбаяр: Дорнод аймгаас иргэн Ганганмөрөн Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайдад нэр дэвшигчээс асуулт асууж өгөхийг хүслээ. Монголын барилгын нэгдсэн холбооныхон ордны гадаа 14 хоног тайван суулт хийжээ. Монгол Улсын барилгачдад ажил олгох чиглэлээр ямар бодлого барьж ажиллах вэ. Салбарын бүтээн байгуулагчдыг хүлээн авч уулзаж тодорхой бодлогоо танилцуулах уу?
Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайдад нэр дэвшигч Э.Бат-Амгалан: Барилгын салбарынхан жагсаал хийгээд 15-16 дахь хоног дээрээ явж байна. Нийслэлээс мэдээлэл авсан. Нийслэлийн удирдлагууд гадаа зогсож байгаа улсуудтай уулзаад Сэлбэ дэд төв дээр 3, 4 дэх төслүүд дээр ажиллах боломж бололцоог хөрөнгө оруулагч талтай гэрээ хийгээд эхний ээлжид монголын компаниудыг оруулах боломж бололцоотой гэж үзсэн. Ийм мэдээллийг Нийслэлээс өгсөн. Тэгэхээр гадаа зогсож байгаа барилгын салбарынханд их нааштай хариулт. Бодлогын түвшинд тэдэнтэй ярилцлага уулзалт хийнэ.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Аймаг орон нутгуудад ипотекийн 8 хувийн зээл хүртээмж муу байгаа. Орон сууцжуулалтын банк байгуулах талаар Ерөнхий сайд та нэг тодруулга өгөөч?
Ерөнхий сайд Г.Занданшатар: Орон сууцжуулалтын банкны гол идеологи, үзэл санаа бол хүлэмжийн хийг бууруулах, хөнгөлөлттэй санхүүжилт олгож орон сууцжуулалтыг нийлүүлэлт болон эрэлт талаас нь дэмжих бодлого гэж үзэж болно. Олон улсдаа гэсэн үг. Жишээ нь, Улаанбаатарын нэг янданг буулгахад хөнгөлөлттэй зээлийн хөнгөлөлт, урамшуулал авах ёстой. Сая нийслэлээс гаргадаг 500 сая ам.доллароор Орон сууцжуулалтын банк ногоон урамшууллаар орон сууц барих ажлыг хэрэгжүүлэх боломжтой. Үүнийгээ улсын хэмжээнд буюу аймаг сумын хэмжээнд нэгдсэн бодлого хөтөлбөр, төлөвлөлттэйгөөр хэрэгжүүлж ирсэн Солонгос болон Германы туршлага бий.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: Г.Занданшатар Ерөнхий сайдыг оруулаад 20 сайдтай. 10 нь өмнөх Засгийн газраас шилжиж орж ирж байна. 38-61 насны харьцангуй залуу сайдууд. Сэтгэл дундуур байгаа зүйл эмэгтэй сайд хоёрхон байна. Т.Аубакир гэх мэт үндэсний цөөнхөөс кабинет оруулж байгаа нь сайшаалтай. Нэг зүйл сануулж хэлэхэд энэ бол Монгол Улсын Засгийн газар. Монгол төрийн Засгийн газар шүү. Аль нэг намын талд орж намчирхаж халаа сэлгээ хийгээд байх юм бол ялгаварлан гадуурхсан сайдыг онцолж байгаад огцруулна шүү. Эхнээс нь хэлчихье. Утсаа оролдоод байгаа сайдууд наашаа түр харчих. Өмнөх Засгийн газар АН, МАН, ХҮН намын мөрийн хөтөлбөр 85 хувь ижилслээ гэж байсан. Энэ мөрийн хөтөлбөр үргэлжлээд явах юм байна. Энэ мөрийн хөтөлбөрийг АН-ын 8 сайдыг засгаас гаргасан ч гэсэн энэ томилгоогоор орсон хүмүүсийн эрхийг бид хамгаална шүү. Монгол төрд хэтэрхий намчирхахаас илүүтэйгээр бодлого явуулахын тулд хүмүүсийг битгий ялгаварлан гадуурхаарай гэж хүсье. Хоёрдугаарт, түрүүн П.Сайнзориг гишүүн хэллээ. Хоёрхон сайд л бодлогоо оруулж ирсэн гээд. Ийм байж болохгүй шүү. Ц.Туваан гээд бодлогоо оруулж ирсэн сайдууд бий шүү. С.Одонтуяа сайд гэх мэт. Энэ бүхнийг өнгөрсөн цаг хугацаанд нь зөв дүгнээд үлдээхгүй өнгөрснийх нь араас тэгсэн ингэсэн гээд байвал бид ч гэсэн адилхан улс төр ярьж чадна шүү.