Засгийн газрын хуралдаан өнөөдөр боллоо. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: Өнгөрсөн долоо хоногт өвчлөлийн тоо 8,160 байсан бол одоо 1,500-аар нэмэгдэж байна. Гэхдээ эндэгдэл гараагүй нь сайн хэрэг.
Тархалтыг хумих, вакцин хийхэд Засгийн газрын нөөц хөрөнгөөр 5 тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэлээ. Сургууль, цэцэрлэгийн бага насны хүүхдүүдийг хоёр үе шаттай нөхөн вакцинжуулж эхэлсэн. Голомтод өртсөн хүмүүст нас харгалзахгүй яаралтай вакцин хийнэ. 10-15 насны хүүхдүүдийн дархлаа сул тул дахин вакцин хийлгэхэд аюулгүй гэдгийг иргэдэд анхааруулж байна.
Наадмын үеэр олон хүн цуглардаг учир халдварын далд үе 10-15 хоног үргэлжилдэг тул наймдугаар сараас өвчлөл нэмэгдэх эрсдэлтэй. Тиймээс Ерөнхий сайдын удирдлагаар онцгой комиссын хурал хийж, ЭМЯ харьяа байгууллагуудад эрчимжүүлсэн бэлэн байдал зарлаж, вакцинжуулалтыг эрчимжүүлэхээр ажиллаж байна.
Цагдаа, тагнуулын байгууллагатай хамтран вакцины эсрэг худал мэдээлэл тараагчдад Зөрчлийн хуулиар хатуу арга хэмжээ авна. Вакцины эсэргүүцэл хүүхдийн амь насанд хохирол учруулж болзошгүйг анхааруулж байна.
Могойд хатгуулсан үед хэрэглэдэг хоргүйсгүүр буюу антидоксин эхний 12 цагт хийвэл үр дүн сайтай. Гэвч одоогоор захиалга хийгдээгүйгээс эмнэлгүүдэд бэлэн байдал хангалтгүй байна.
ЭМЯ-ны хөрөнгө оруулалтын газар худалдан авалтын процессын шинжилгээ хийж байгаа бөгөөд нотлох баримт шаардлагатай.
Монгол Улс 1975 оноос аюулгүй вакцин хэрэглэж ирсэн бөгөөд Засгийн газар есдүгээр сарын 1-нээс эхлэн томуу, улаан бурхан өвчний хавсралтаас сэргийлэн вакцинжуулалтыг дээд хэмжээнд эрчимжүүлэхээр ажиллаж байна.
О.ХЭРЛЭН