Засгийн газрын шийдвэрийг танилцууллаа. Сангийн сайд Б.Жавхлан:
Засгийн газар төсвийн тодотголын төслийг хэлэлцээд долоо хонож байна. Зургаадугаар сарын 18, 20-нд хоёр удаагийн хэлэлцүүлэг хийсэн бөгөөд өнөөдөр гурав дахь хэлэлцүүлгээ хийж, хэлэлцүүлгийг эцэслэлээ. Энэ хугацаанд төсвийн ерөнхийлөн захирагчдаас санал авч, шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулсан. Одоо эрх зүйн орчин бүрдмэгц УИХ-д өргөн барихад бэлэн болсон.
Энэ удаагийн тодотгол нь 2025 оны төсвийн тоон үзүүлэлт дээр хийгдэж байгаа бөгөөд цаашид дараагийн жилүүдийн төсөвт ч өөрчлөлт орох болно. Өмнө нь танилцуулж байснаар 2025 оны төсвийн орлого жилийн эцсээр 2.3 их наядаар тасарна гэж тооцож байсан ч өнөөдрийн байдлаар энэ тоо 3.3 их наяд төгрөг болж өсөхөөр байна.
Тавдугаар сарын дунд үе хүртэл нүүрсний үнэ харьцангуй тогтвортой байсан ч нэг сарын дотор огцом унаж, төсвийн гүйцэтгэлд шууд нөлөөлжээ. Тодруулбал, тавдугаар сарын 31-ний байдлаар төсөв 259 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Засгийн газар зардлыг 25 хувиар танахаар ажиллаж байна.
Тодотголын хүрээнд нийт 3.3 их наядыг бууруулах зорилгоор зарим зардлыг хуульд нийцүүлэн танана. Гэсэн ч 3.1 их наядыг зайлшгүй гаргах гурван чиглэл бий. Үүнд:
-
ДЦС-3-т гарсан осолтой холбоотой зардал,
-
Дулааны тарифын өөрчлөлтийг хойшлуулсантай холбоотой 78 тэрбум төгрөг,
-
Байгаль орчны яаманд 41 тэрбум төгрөг,
-
Мөн Засгийн газрын нөөц хөрөнгөд 50 тэрбум төгрөг нэмж тусгахаар болсон.
Эдгээрийг нийлүүлэн нийт 187 тэрбум төгрөгийг зарцуулахаар тусгасан. Эрсдэлээс сэргийлж нөөц хөрөнгийг зузаатгах шаардлагатай гэж үзэж байна.
Тодотголын үр дүнд гадаад төлбөрийн тэнцэлд 400–500 сая ам.долларын эерэг өөрчлөлт гарах төлөвтэй. Ийнхүү Засгийн газар төсвийн тодотголын төслийг бүрэн боловсруулж, өргөн барихад бэлэн болсон.
О.ХЭРЛЭН