МАН-ын бүлэг дэд даргатай боллоо. УИХ-ын гишүүн Э.Болормаа дэд даргын суудалд “залрав”. Өмнөх дэд дарга Г.Дамдинням сайд болчихсон. Тэгээд л орон тоо гарсан хэрэг.
Бүлгийн удирдлага Э.Болормааг нэр дэвшүүлэв. Гишүүд дэмжлээ. Ингээд Болормаа дэд дарга боллоо. Энгийн л процесс. Гэхдээ анзаараад байхад улс төрд “бэлтгэлтэй” хүмүүс ингэж л ахиж өгдөг. Алхам алхмаар. Албан тушаал дамжсаар.
Э.Болормаа Орегоны их сургууль төгссөн. Дэлхийн банк, Уур амьсгалын сан, АДБХБ гээд олон газар ажилласан. Ховдын Засаг дарга ч байсан. Одоо бол УИХ-ын гишүүн. Тэр дундаас дэд дарга.
Хувь хүний хувьд туршлагатай, боловсролтой нь үнэн. Харин улс төрийн ширээн дээр ямар тоглогч болох вэ гэдгийг цаг ХУГАЦАА харуулна. Бүлэг доторх бодлого, шийдвэр, дарамт, зохион байгуулалт дунд дуугарч чадах эсэх нь сонирхолтой.
Эмэгтэй гишүүнээ дэмжсэн дүр эсгэх нь улс төрд нэгээхэн асуудал биш. Чимэг суудал ч байж магадгүй. Үнэхээр эрх мэдэлтэй, байр суурьтай дэд дарга болох уу гэдэг л асуудал. Томилогдсон ч нөлөөлж чадахгүй бол цаанаа л нэг хоосон алдар.
Ирээдүйд Болормаа энэ суудлыг өөрийн дуу хоолойгоор, өөрийн бодлогоор авч явбал тэр л жинхэнэ амжилт. Харин “байсан нь явж, байсангүй нь ирдэг” суудлын эргэлт л бол буцаад “танил зураглал”.