УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.07.02/-ийн хуралдаанаар долоон асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, 25 зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав. Хамт өргөн мэдүүлсэн Цагдаагийн албаны тухай болон Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй холбогдуулан ТББХ-ноос гаргасан, дэмжигдээгүй зарим саналд гүйцээн боловсруулах чиглэл өгч, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус хороонд шилжүүлэв.
УИХ-ын гишүүн Б.Уянга нарын өргөн мэдүүлсэн, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн 65.4 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ТББХ-д шилжүүллээ.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын өргөн мэдүүлсэн, Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн 69.2 хувь нь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ХЗБХ-д шилжүүлэв.
Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг яаралтай горимоор хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжиж, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг мөн дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ТББХ, ЭЗБХ, ТБХ, ХЗБХ, БОХХААБХ-д шилжүүллээ.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал нарын 89 гишүүний өргөн мэдүүлсэн Хянан шалгах түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн 72.9 хувийн саналаар батлав.
Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.