Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн мэдээлснээр Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын Монгол Улсад хийсэн төрийн айлчлал амжилттай өндөрлөжээ.
Тэрбээр энэ айлчлалыг Монгол, Японы найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд шинэ эрин үеийг эхлүүлсэн түүхэн үйл явдал хэмээн онцолсон байна.
Айлчлалын үеэр хоёр тал бүс нутаг болон дэлхий дахинд тулгарч буй сорилтуудыг энхийн замаар хамтран шийдвэрлэх, тогтвортой хөгжил, хүн төвтэй бодлого хэрэгжүүлэх талаар ижил байр суурь илэрхийлжээ.
Мөн соёл, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, байгаль орчин зэрэг олон салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ирээдүй хойчийн харилцааг гүнзгийрүүлэхэд онцгой ач холбогдол өгсөн байна.
Энэхүү айлчлал нь Үндэсний их баяр наадмын үеэр хэрэгжсэн нь хоёр орны ард иргэдийн нөхөрлөлийг бэхжүүлж, соёл, уламжлал, үнэт зүйлсээ хуваалцсан дурсамжтай мөч болсон хэмээн сайд Б.Батцэцэг мэдэгдэлдээ дурджээ.
Тэрбээр Эзэн хаан болон хатанд хандан Монгол орондоо ахин зочлохыг ерөөсөн байна.