Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
Ерөнхий сайдаар Г.Занданшатар томилогдоод Орон сууцжуулалтын банк байгуулах тухай зарласан. Энэ бодлогынхоо хүрээнд өнөөдөр Н.Учрал сайдаар ахлуулсан ажлын хэсгийг байгууллаа. Орон сууцжуулалтын тусгайлсан банк байгуулж, ирэх сарын 13-ны өдрийн дотор Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүргийг хүлээлгэв.
Мөн сүүлийн үед бүртгэгдсэн гэмт хэрэг зөрчлүүд болон нийгмийн уур амьсгалтай холбоотой хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэт нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар цагдаагийн байгууллагын мэдээллийг авч танилцлаа. Улмаар хэд хэдэн чиглэлээр холбогдох сайдуудад үүрэг даалгавар өглөө. Тухайлбал, УИХ 2002 онд баталсан Мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисын хэрэглээнд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг шуурхай эцэслэн боловсруулж, наймдугаар сард багтаан Засгийн газарт танилцуулахыг ХЗДХ-ийн сайд болоод ЗГХЭГ-ын дарга нарт тус тус үүрэг болголоо. Ингэснээр мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийн шалтгаан нөхцөл, гэмт хэрэг үйлдэгдсэн байдлыг судалж үзэж, гэмт этгээдэд хүлээлгэх хариуцлагыг чангаруулах, бусад объектив талыг харгалзан ялгамжтай ял шийтгэлийн бодлогыг чангаруулах боломж бүрдэнэ гэж үзэж байна. Монгол Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлэхийг таслан зогсоох зорилгоор Турк, Солонгос, ОХУ, БНХАУ, Тайланд, Вьетнам болон олон улсын бусад байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллахыг ХЗДХ-ийн сайдад болон ГХ-ийн сайдад даалгалаа.
ЦЕГ-ыг бие даасан хараат бус байгууллага болгон бэхжүүлэх асуудлыг судалж, саналаа наймдугаар сард багтаан Засгийн газарт танилцуулахыг ХЗДХ-ийн сайд болон ЗГХЭГ-ын даргад даалгалаа. Мансууруулах донтой иргэдийг эмчлэх, сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх, нийгэмшүүлэх үйлчилгээтэй төвийг Эрүүл мэндийн яамны харьяанд байгуулах ажлыг судалж, Засгийн газарт танилцуулах, Монгол Улсад хориглосон, хязгаарласан хяналтад байх шаардлагатай мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт эмийг жагсаалтыг шинэчлэн батлахыг ЭМС-д үүрэг болгов. Мөн мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисын тархалтын судалгааг хийж бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт урьдчилан сэргийлэх, нөлөөллийн ажлыг зохион байгуулахыг ЭМС, БС, ХЗДХ-ийн сайд болоод Нийслэлийн засаг дарга нарт тус тус даалгалаа. Монгол Улсад ургадаг мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт ургамлын тархцыг хумих ажлыг эрчимжүүлж, бүрэн устгах арга хэмжээг шуурхайлахыг ЦЕГ-т үүрэг болголоо.