Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхийлөгч Хатагтай Тулиа Аксонтой (2025.07.31) албан ёсны уулзалт хийлээ. Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, хууль тогтоох үйл ажиллагааг төгөлдөржүүлэхэд ОУПХ болон гишүүн орнуудтай хөгжүүлж буй хамтын үйл ажиллагаа, дэмжлэг туслалцаанд талархалтай байгаагаа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан илэрхийллээ.
Үргэлжлүүлэн, Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу парламентын гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлж, сонгуулийн холимог тогтолцоог хэрэгжүүлснээр УИХ-д 32 эмэгтэй сонгогдсон нь парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоогоор Ази тивдээ тэргүүлэгч улс орнуудын нэг болохоос гадна ОУПХ-ноос дэвшүүлсэн зорилтод дөхөж очсон бодит дэвшлийг онцлов.
Мөн Монгол Улсад 2026 онд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын 17 дугаар бага хурал зохион байгуулагдах бөгөөд ОУПХ-ны Тогтвортой хөгжлийн байнгын хорооны дэргэд Газрын доройтол, цөлжилтийн асуудлаарх зөвлөх байгууллага байгуулах санаачилга дэвшүүлэхээр ажиллаж байна гэв.
Тус санаачилгыг идэвхтэй дэмжин ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан илэрхийллээ.
Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхийлөгч Тулиа Аксоны зүгээс Монгол Улс жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудыг дэмжиж буйгаа онцлов.
Түүнчлэн ОУПХ, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа нь хүн бүрд хүртээмжтэй, тэгш ирээдүйг цогцлооход чухал үүрэгтэйг тодотгосон.
Тэрбээр эмэгтэйчүүдийг чадавхжуулах, жендэрийн тэгш байдлыг хангах асуудалд онцгой анхаарал хандуулан ажилладаг бөгөөд УИХ-ын стратеги төлөвлөгөөнд тусгасан хүний эрхийг хангах, хамгаалах, хүн төвтэй хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх санаачилгыг дэмжин ажиллана гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.