Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл хийлээ.
Тэрбээр мэдээлэхдээ, төрийн жинхэнэ албан хаагчдын цалин, үнэлгээг олон нийтэд ил тод болгох үүргийг яам, агентлаг, аймаг, нийслэлийн удирдлагуудад өгсөн тухай дурдав. Мөн төрийн албан хаагчдын ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэн зөв, бодитой үнэлэх чиглэлээр холбогдох хууль, дүрэм журманд өөрчлөлт оруулах саналыг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүргийг өгчээ.
"Ажлын төлөвлөлтөөс гүйцэтгэлийн бүх шатанд үнэн зөв зохион байгуулалт хийх нь татвар төлөгчдийн мөнгө, төсвийн хөрөнгийг зөв зарцуулж, төрийн үйлчилгээний чанарт нөлөөлөх чухал хүчин зүйл. Гэтэл өнөөдрийн байдлаар төрийн жинхэнэ албан хаагчдын 98.5 хувь нь “маш сайн” гэсэн үнэлгээ авсан байгаа нь олон нийтийн шүүмжлэл дагуулж байна. Энэ үнэлгээний цаана урамшууллын багагүй хэмжээний мөнгөн дүн явж байдаг" хэмээн Д.Мөнх-Эрдэнэ онцлов.
Төрийн албыг үнэлэх одоогийн тогтолцоонд өөрчлөлт оруулснаар:
-
Ажлаа үнэхээр сайн хийдэг төрийн албан хаагчдыг оновчтой урамшуулах
-
Ачаалал ихтэй ажиллаж буй хүмүүсийн хөдөлмөрийг шударгаар үнэлэх
-
Ажлаа хангалтгүй гүйцэтгэж буй хүмүүст хариуцлага тооцох
боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд төрийн албыг хавтгайруулан цомхтгох бус, харин ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан шударга тогтолцоо нэвтрүүлэх нь зөв шинэчлэл хэмээн үзэж байгаа аж. Үүний дагуу Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ахлуулсан өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж, судалгаа, шинэчлэлийн төлөвлөгөө боловсруулаад байна.
"Энэ өөрчлөлт хэрэгжсэнээр төрийн албыг илүү үр ашигтай, иргэдийн хяналт дор ажиллуулж, цалингийн бодлогыг бодит үр дүнд уялдуулна" гэж Засгийн газар үзэж байна.