2025 оны 8 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Ардчилсан намын “Зуны цугларалт” амжилттай зохион байгуулагдлаа.
Ардчиллын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, гишүүдийн хамтын ажиллагаа, эв нэгдлийг бэхжүүлэх эрхэм зорилгын хүрээнд зохион байгуулагддаг энэхүү арга хэмжээ нь 30 жилийн турш тасралтгүй үргэлжилж, Хэнтий аймгийн Ардчилсан намын үнэт уламжлал болон төлөвшжээ.
Энэхүү арга хэмжээнд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал, Хэнтий аймгийн АН-ын дарга Д.Аюурбунь, тус аймгийн намын гишүүд, дэмжигчид оролцож байна.
“Ардчиллын үнэт зүйлсийг хамгаалах, гишүүд дэмжигчдийн оролцоог хангах, намын шинэчлэлийг орон нутагт бодит ажил болгон хэрэгжүүлэх Ардчилсан намын тууштай зорилго хэвээр байх болно” хэмээн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал онцлон хэллээ.
Цугларалтын үеэр оролцогчид Ардчилсан намын үзэл баримтлал, цаашдын зорилт, орон нутгийн хөгжил дэвшилд намын үүрэг оролцоо зэрэг сэдвийн хүрээнд санал бодлоо солилцож, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн залуу гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, ирэх сонгуулиудад бэлтгэх, орон нутгийн бүтэц, зохион байгуулалтыг бэхжүүлэх зэрэг бодит зорилтуудыг тодорхойлсон нь тус арга хэмжээний онцлох хэсэг байв.
