Улаанбаатар хотын гудамж, замд замын хөдөлгөөний дүрэм зөрчих, хурд хэтрүүлэх, урсгал сөрөх, зөвшөөрөлгүй газар зогсох зөрчил гаарсныг хотын дарга Х.Нямбаатар шүүмжиллээ. Тэрбээр замын цагдаа, холбогдох байгууллагуудыг ажлаа хийхгүй байна гэж хатуу анхааруулсан юм.
“Хотын гудамжинд, тэр дундаа 1 дүгээр эгнээнд автомашинууд зогсоод хөдөлгөөнийг хааж байна. Цагдаагийн байгууллага, тэр дундаа замын цагдаа юу хийж байгаа юм бэ? ЗХУТ-д бид өчнөөн хөрөнгө оруулалт хийж, камерын нэгдсэн систем байгуулсан. Энэ системээр өдөр, цаг, минут, секундээр нь зөрчлийг хянах боломжтой. Гэтэл бодит байдал дээр хяналт алдагдсан хэвээр байна” хэмээн тэр хэллээ.
Мөн хотын дарга зам өргөтгөхөд их хэмжээний хөрөнгө зарцуулж байгаа ч шинэчлэгдсэн эгнээг зарим жолооч төлбөртэй зогсоол ашиглахаас татгалзаж, дур мэдэн бүхэл өдрийн турш хааж байгааг жишээ татан дурдав. “Хоёрхон эгнээтэй урсгал дээр нэгийг нь зогсоол болгож, түгжрэлийг улам хүндрүүлж байна. Төвийн бүсийн хамгийн түгжрэлтэй цэгүүд болох Теди-ийн орчим, Халдвартын эмнэлэг, Хангарди орчмоор бүгд ийм байдалтай байна” гэж тэмдэглэв.
Хотын даргын хэлснээр, сүүлийн 4–5 жилд цагдаагийн байгууллагын тоног төхөөрөмж, техник хэрэгслийг шинэчилж, хяналтын системийг бүрдүүлсэн ч бодит хяналт, сахилга бат дээшлэхгүй байгаа нь өнөөгийн түгжрэлийн томоохон шалтгаан болж байна гэлээ.