Dark Light
Улс төр | 2025-08-12

ИРГЭД: ТӨСВИЙН ХЭТ ТЭЛЭЛТИЙГ БУУРУУЛАХ НЬ ОНОВЧТОЙ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2026 оны төсвийн төсөлд E-Mongolia болон Засгийн газрын олон нийттэй харилцах 11-11 дугаарын утсанд ирүүлсэн иргэдийн санал асуулгын урьдчилсан дүнг Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Даваадалай Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Танилцуулгаас үзвэл өнөөдрийн байдлаар 154 мянга гаруй иргэн саналаа өгснөөс боловсрол, эрүүл мэнд, цахилгаан дулааны асуудлаар хамгийн олон санал иржээ.

Төсвийн үр ашгийг сайжруулахад ямар бодлого хэрэгжүүлэх вэ гэсэн асуулгад 18395 иргэн төсвийн хэт тэлэлтийг бууруулах нь оновчтой шийдэл гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Татварын хувь хэмжээг бууруулах нь зүйтэй гэж 102623 иргэн саналаа өгcөн байна. 2026 оны төсвийн бодлогыг эрүүл мэнд, боловсрол, цахилгаан, дулаан зэрэг салбарт чиглүүлэх ёстой гэж олонх нь үзжээ. Харин нийгмийн халамж, соёл, спорт, аялал жуулчлал, зам, барилга зэрэг салбарт төсвийн хэмнэлт хийх шаардлагатай гэсэн санал давамгайлж байна. Төсвийн үр ашгийг сайжруулах хүрээнд ямар бодлого нэн тэргүүнд хэрэгжүүлэх, аль салбарын хөрөнгө оруулалтыг 2026 онд тэвчих, татварын шинэчлэлд ямар зарчим баримтлах зэрэг асуултад иргэд саналаа идэвхтэй ирүүлсэн байна.

Сангийн сайд Б.Жавхлан 2026 оны төсвийн төслийн боловсруулалтын явцыг мэдээлэв. Тэрбээр, 2026 оны төсөв хүний хөгжлийг дэмжих, боловсролд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр Ерөнхий сайдын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу боловсруулж байна. 2026 оны улсын төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын 1232 санал ирсэн. Үүнд 11,3 их наядын хөрөнгө оруулалт шаардагдахаар байгааг тодотгон хянаж 9,6 их наяд төгрөгт багтааж эрэмбэлнэ гэв.

Ерөнхий сайд Г.Занданшатар төсвийн төслийг олон нийтээр нээлттэй хэлэлцүүлэх нь авлигыг бууруулах, хөрөнгө оруулалтыг зөв хуваарилах, хүний хөгжлийг дэмжихэд бодитой ахиц гардгийг онцлов. Төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд Засгийн газрын гишүүн бүр санаачилгатай ажиллаж, эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулах шаардлагатай гэв. Нэн ялангуяа боловсрол, эрүүл мэндийн салбарт төсвийн шинэчлэл хийх бодлого яаралтай боловсруулж ажиллахыг салбарын сайд нарт үүрэг болголоо.  

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14