Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар болон холбогдох яам, тамгын газрын мэргэжилтнүүд, сайдууд мэдээлэл өглөө.
Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан: Ган, зудын эрсдэлийн үнэлгээг жил бүр хийдэг. Үүгээр хур тунадас бага, хуурайшилт өндөртэй, ган ихтэй гэсэн дүгнэлт гарсан. 330 сумын 220 гаруй сум гантай, өндөр хуурайшилттай, ургамлын гарц тааруу, малын тарга тэвээрэг муу гэсэн үнэлгээ гарлаа. Тэгэхээр өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Иймд зуншлага тааруу аймгууд ургац, хадлангийн гарц сайтай бүс нутгаас хадлангаа бэлтгэх, бүс нутаг тогтоож өгч ажиллахыг есдүгээр сарын 15-ны дотор гүйцэтгэлийг хангуулах ажлыг зохион байгуулж байна. Хоёрдугаарт, мах бэлтгэл, малын тэжээл үйлдвэрлэлийн чиглэлээр зудын эрсдэлийг бууруулах, мөн эдийн засгийн эргэлтийг сайжруулах ажлыг хийх чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Өвс тэжээлийн экспортыг хэсэг хугацаанд хориглосон. Яагаад гэвэл малын тэжээлийн нөөцийг хангалттай бэлтгэхийн тулд экспортыг зогсоосон. Ямар нэгэн хадлан тэжээл бэлтгэж, Монгол Улсын хилээр экспортлохыг хориглоно.
Боловсролын сайд П.Наранбаяр: 2025-2026 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар сургуулийн өмнөх боловсролд 300 мянга орчим хүүхэд суралцана. Ерөнхий боловсролд 830 мянга орчимд хүүхэд суралцана. Өмнөх жилээс 30 мянга орчим хүүхдээр нэмэгдэхээр байна. Энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлнэ. Үүнтэй холбогдуулан багш, удирдах ажилтны сургалтыг зохион байгуулж байна. Цэцэрлэгт суралцах хүүхдүүдийн тоо буурсан ч хүн амын нягтаршлаас хамааран зарим бүс нутагт нэмэлтээр анги танхим тохижуулах хэрэгцээ байна. Ерөнхий боловсролд 30 мянга орчим хүүхэд нэмэлтээр суралцахад анги танхим түрээслэх санхүүгийн асуудал тулгарч байна. Нийт 127 сургууль, цэцэрлэгийн анги танхим түрээслэхэд 32.9 тэрбум төгрөгийн зардал, 2025 оны есдүгээр сараас 12 дугаар сард 14.3 тэрбум төгрөгийн түрээсийн зардал гарахаар байгаа. Өнөөдрийн байдлаар 3140 хүүхдийн суудалтай ерөнхий боловсролын 7 сургууль, 400 орны хүчин чадалтай 5 цэцэрлэгийн барилга, 280 орны хүчин чадалтай нэг цогцолборын барилга, 270 орны хүчин чадалтай 2 дотуур байрын барилга, ерөнхий боловсролын сургуулийн 1 спорт заалын барилга, их дээд сургуулийн 1 спорт заалын барилга тус тус ашиглалтад ороод байна. Энэ сарын эхээр авсан мэдээллээр цэцэрлэгт 1000 гаруй, ерөнхий боловсролын сургуульд 3200 орчим багшийн сул орон тоо байна. Энэ сул орон тоог дадлагажигч багш ажиллуулах, тэтгэвэрт гарсан багш нарыг цөөн цагаар ажиллуулах замаар хангалтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Цаашид багшийн хангалтыг тогтвортой нэмэгдүүлэхийн тулд багшийн цалин хөлс, тэр дундаа үндсэн цалинг нэмэгдүүлэх хэрэгцээтэй байна.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Дулааны цахилгааны 69 зуухнаас ажиллаж байгаа 27, бэлтгэлд 18 байна. 24 зууханд засвар хийж байгаа. 49 труба генератораас ажилладаг 24, 16 труба генераторт засварын ажил хийгдэж, системийн горимын ажиллагаа хэвийн явагдаж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд их засварт 750 төрлийн ажилд 154.9 тэрбум төгрөг, техник зохион байгуулалтын 486 нэр төрлийн ажилд 91.6 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын 598 ажилд 185.5 тэрбум төгрөг, нийт 1793 төрлийн ажилд 432.1 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. 2025 оны наймдугаар сарын 15-ны өдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил дунджаар 64 хувийн гүйцэтгэлтэй явж байна. 2025 оны өвлийн оргил ачааллын үе буюу 12 дугаар сард 1800 гвт гарах тооцоолол гарсан. Үүнийг дотоодын эх үүсвэрүүдээс 1797 мвт, батарей хуримтлуураар 160 мвт, салхин станцаас 30 мвт, импортоор 300 мвт тус тус хангаж, 113 мвт хүчин чадлыг хязгаарлалт хийхээр байна. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 мвт хүчин чадалтай хоёрдугаар станцыг 12 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.