Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт: Г.Занданшатар Ерөнхий сайдаар ахлуулсан Засгийн газар орон тооны цомхотгол төсвийн хэмнэлтийг хийж, дээрээсээ эхлэн дарга нарын тоог цөөлөх ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээндээ бид Монгол Улсын 16 яамдын 280 гаруй газар хэлтсийн даргатай байсан бол 81-ээр цөөлж, 6.3 тэрбум төгрөг хэмнэх шийдвэр гаргасан. Мөн үйл ажиллагааны зардал ихтэй үр ашиг багатай чиг үүргийн давхардал ихтэй Үндэсний хороодыг татан буулгасан. Нийт 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгасан. Энэ хүрээнд 146 орон тоо хасагдаж, жил бүр 41.6 тэрбум төгрөгийн хэмнэлт хийх боломж бүрдсэн. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар агентлагийн бүтэц, орон тооны талаар хэрэгжүүлэх зарим тогтоолыг баталсан. Энэ хүрээнд Засгийн газрын 35 агентлагийн орон тоо 3353 байсныг 9 хувь бууруулж, 3052 болголоо. Өөрөөр хэлбэл агентлаг доторх газар хэсэг тасаг албадын тоог цөөлсөн. Чиг үүргийн давхардлыг бууруулах замаар нийт орон тоог 301-ээр багасгаж байгаа юм. Агентлаг, газар, хэлтсийн дарга нарын тоо 54-өөр буурна. Цалин хөлсний зардалд 10 тэрбум орчим төгрөгийн хэмнэлт бий болно.