Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хурлаас Ардчилсан Намаас ирүүлсэн намын даргыг бүртгүүлэх өргөдлийг хэлэлцэж намын даргаар Одонгийн Цогтгэрэлийг бүртгэх бүртгэлийг өнөөдөр (2025.09.18) баталгаажуулсан. “Шинэ Монголыг цуг бүтээнэ” уриатайгаар намын даргын сонгуульд оролцсон О.Цогтгэрэл бүртгэгдсэн өдрөө анхны шийдвэрээ гаргалаа.
Ардчилсан Намын ес дэх дарга О.Цогтгэрэл анхны тушаалаараа Ардчилсан намын дэргэдэх бодлогын судалгаа, иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх чиг үүрэг бүхий Тинк Танк байгуулах шийдвэр гаргав.
Тус байгууллагын үндсэн чиг үүргийг Монгол Улсад хувь хүний эрх, эрх чөлөөг бататгах, чөлөөт зах зээлийг дэмжих, үндэсний хөгжлийн бодлого боловсруулах хүрээнд боловсруулж, дүрэм, бүтэц зохион байгуулалтын төслийг аравдугаар сарын 15-ны дотор танилцуулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Жаргалангаар ахлуулан байгуулсан бөгөөд УТЗ-д танилцуулах үүргийг Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибалд даалгав.
АН-ын дарга О.Цогтгэрэл энэхүү шийдвэрээ танилцуулах үедээ намын дэргэдэх тинк танк, бодлогын судалгаа, сургалт, сурталчилгааны чиглэлээр ажиллах хүний нөөцийг бүрдүүлэхдээ нээлттэй, өрсөлдөөнт шалгаруулалтад тулгуурлах зарчим баримтлан ажиллахаа илэрхийллээ.
