УИХ-ын гишүүн Ж.Баярмаа өнөөдөр цахим орчинд үүсээд буй маргаантай холбогдуулан тайлбар хийлээ.
Тэрбээр: Өнөөдөр эмэгтэй гишүүдийн групп чатад намайг “Өсөхийн өлөн нь арилаагүй” гэж бичсэн. Засгийн газар огцроход оролцсон хариуд “Шан авч, өнгө зүс нь сайжирсан” гэх зүйлийг Нара гишүүн бичсэн. Энэ бол гүтгэлэгт үндэслэсэн, нэр төрд ноцтой халдсан мэдэгдэл. Би залуу наснаасаа хөдөлмөрлөж, өөрийн хүчээр амьдралаа авч явсан. Би өдрийн 100 ам.доллараар орчуулга хийдэг байсан. Тухайн үедээ “Баян Бажаа” нэртэй байлаа. Би өлөн өсөөгүй. Харин Нара гишүүний хувьд өөрийгөө өдөрт 5-10 сая төгрөг олдог гэж бардам хэлж, бусдыг гуйлгачин мэтээр хэлдэг нь олонтаа.
Ж.Баярмаа гишүүний хэлснээр, маргаан анх Засгийн газар огцрох үеэс эхлэлтэй бөгөөд түүнээс өмнө Нара гишүүнтэй ноцтой зөрчил байгаагүй гэдгийг тодотгов.
Чат задалсан нь харилцаа, захидлын нууцыг задруулсан хэрэг. Үүний төлөө хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой. Би өмгөөлөгч авсан. Энэ хүн “Намайг хэн хэлэхэв, нохойг хэн саахав” гэсэн шиг үргэлж бусдыг доромжилдог. Би Нарагаас айгаад, гүтгүүлээд дуугүй байхгүй. Эцэст нь тэрбээр өөрийн зүгээс хэнийг ч "Бараа зардаг бол муу хүн" гэж хэлээгүй, харин хувь хүний нэр хүндийг гутаасан, гүтгэсэн үйлдэлд хуулийн дагуу хариу арга хэмжээ авахаа илэрхийллээ.
Б.БИЛГҮҮН