2025 оны аравдугаар сарын 6-ны Даваа гарагт Улсын Их Хурал дахь намын бүлгүүд, ажлын хэсгүүд товлосон цагийн дагуу хуралдана.
УИХ-д суудалтай намын бүлгүүд уламжлал ёсоор долоо хоног бүрийн Даваа гарагт хуралддаг бөгөөд өнөөдөр Монгол Ардын намын бүлэг, Ардчилсан намын бүлэг 10:00 цагт тус тус хуралдана.
-
МАН-ын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд,
-
АН-ын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болох бол
-
ХҮН намын зөвлөл мөн өнөөдөр хуралдаж, цаг үеийн асуудал болон зарим хуулийн төслийг хэлэлцэх юм.
Түүнчлэн өдрийн турш УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан хэд хэдэн ажлын хэсэг дараах асуудлаар хуралдана.
-
Бичил санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг шинэчлэх хүрээнд хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг – 14:00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
-
Кибер аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж санал дүгнэлт боловсруулах ажлын хэсэг – 14:00 цагт “Үндсэн хууль” танхимд;
-
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг – 15:00 цагт 334 тоот өрөөнд;
-
“Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох” асуудлыг судлах ажлын хэсэг – 16:00 цагт “Үндсэн хууль” танхимд тус тус хуралдана.
Харин улс төрийн хүрээнд УИХ-ын гишүүн П.Сайнзориг өнгөрөгч долоо хоногт Засгийн газарт АМНАТ-тай холбоотой асуудлаар асуулга тавьж, төсөвт тусгагдсан 200 тэрбум төгрөгийн орлогын боломжийг хаасан тогтоол баталсан гэж мэдэгдсэн. Тэрбээр уг асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандах бодолтой байгаагаа илэрхийлсэн бөгөөд өнөөдөр Ерөнхий сайдыг огцруулах бичигт гишүүдийн гарын үсгийг өөрийн бланк дээр цуглуулж, 40 гаруй гишүүн нэгдээд буй талаар эх сурвалжууд мэдээллээ. Уг албан бичгийг өнөөдөр өргөн барих төлөвтэй байна.