Dark Light
Улс төр | 2025-10-16

ЕС-ЫГ “ОГЦРУУЛАХГҮЙ” ГЭСЭН НЬ ЗАЛЬ БАЙВ УУ?

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцлээ. Гэтэл хуралдаанд нэг “сонин” юм боллоо. Байнгын хорооны олонх гишүүд Ерөнхий сайдыг огцруулна гэж байсан ч хуралдаан дээрээ “огцруулахгүй” гэдэг санал өгөв.

Ингээд чуулган дээр хэлэлцэх томьёолол “Байнгын хорооны Ерөнхий сайдыг огцруулахгүй гэсэн саналыг дэмжих үү?” гэж орж ирнэ. Энэ бол жижигхэн үгний тоглолт шиг харагдавч цаанаа улс төрийн том тооцоо.

Хэрвээ дэмжинэ гэвэл: Ерөнхий сайд Г.Занданшатар суудалдаа үлдэнэ.
Хэрвээ дэмжихгүй гэвэл: Ерөнхий сайд огцорно.

Гэхдээ хамгийн сонирхолтой нь чуулганд оролцоогүй гишүүдийн санал автоматаар “дэмжихгүй” гэж тооцогдоно. Өөрөөр хэлбэл, өнөөдөр 38 гишүүн хуралд оролцохгүй гэвэл тэр бүгд Ерөнхий сайдыг огцруулах талд орж байна гэсэн үг.

Хуульдаа “Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг нийт гишүүдийн олонхоор шийдвэрлэнэ” гэж заасан. Тэгэхээр оролцоогүй гишүүдийн санал “дэмжихгүй” буюу “огцруулъя” гэж тооцогдож байгаа нь тун сонин үзэгдэл.

Нэг талаас харвал, Байнгын хороо Ерөнхий сайдыг хамгаалж байгаа мэт. Нөгөө талаас бодвол, яг энэ томьёолол нь Ерөнхий сайдыг унагах хамгийн амархан арга болж хувирч байгаа юм.

Үндсэн хуулийн дагуу бол УИХ “Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжиж байна уу” гэж асууж санал хураах ёстой. Гэтэл энэ удаад үгийг нь эргүүлээд “Байнгын хорооны дэмжихгүй гэсэн саналыг дэмжих үү” болгочихсон. Ингэж үгийн наана цаанаар улс төр хийгээд эхэллээ.

Тэгэхээр өнөөдрийн нөхцөл байдал бол ердөө л албаар эсрэгээр нь томьёолж, олонхын саналын логикийг ашиглан Ерөнхий сайдыг унагах тооцоо юм.

“Огцруулахгүй” гэсэн санал гаргаж байгаа нь гаднаас харвал хамгаалалт, үнэндээ бол огцруулах замаа нээж байгаа улс төрийн тооцоо.

Хуулийн үндэслэлийг бүрэн эхээр нь оруулбал:

Ерөнхий сайдыг огцруулах асуудлын талаар

НЭГ.ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ

1.1.Монгол Улсын Үндсэн хуулиас:

Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно” гэж заасан.

1.2.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиас:

Дэгийн хуулийн 101.1-д “Гишүүд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулах саналыг Улсын Их Хуралд албан ёсоор тавьсан бол Улсын Их Хурал уг асуудлыг    7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ” гэж, 101.2-т “Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдыг огцруулах саналыг хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд танилцуулна” гэж, 101.3-т “Нэгдсэн хуралдаан Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, ил санал хураалт явуулна” гэж, 101.4-т “Улсын Их Хурлын нийт гишүүний олонх Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол баталсанд тооцно. Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжээгүй бол уг асуудлаар шийдвэр гарахгүй” гэж тус тус заасан.

1.3.Тайлбар, үндэслэл:

  1. 22; Дэгийн хуульд зааснаар Ерөнхий сайдыг огцруулах саналыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцсэн санал, дүгнэлтийг Нэгдсэн хуралдаанд зөвхөн танилцуулж сонсгоно.
  2. 22; Нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар санал хураахгүй.
  3. 22; Өөрөөр хэлбэл, Үндсэн хууль болон Дэгийн хуульд заасан тодорхой томьёолол буюу “Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжиж байгаа эсэх” гэдгээр санал хурааж, Улсын Их Хурлын 126 гишүүний 64-өөс дээш гишүүн уг саналыг дэмжвэл Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.

ЗУРГАА.ҮР ДАГАВАР

Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг Улсын Их Хурлаар шийдвэрлэхдээ Нэгдсэн хуралдаанд Байнгын хорооны санал (дэмжинэ, дэмжихгүй)-аар санал хураасан тохиолдолд дараах хууль зүйн сөрөг үр дагавар үүснэ:

1/Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй гишүүдийн гаргасан Ерөнхий сайдыг огцруулах саналыг нийт Хурлын гишүүдээр хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх агуулга бүхий Үндсэн хууль, Дэгийн хуулийн зохицуулалт зөрчигдөх;

2/Дэгийн хуулийн 3.1-д заасан “Улсын Их Хурлын чуулганы хуралдаан хууль дээдлэх,…хэлэлцүүлгийн горим ойлгомжтой, тодорхой байх, олонхын саналаар шийдвэр гаргах” зарчим алдагдах;

3/Улсын Их Хурлын дарга буюу хуралдаан даргалагч Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13.1.1-д заасан “Улсын Их Хурлын үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлэх ажлыг зохион байгуулах” бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй буюу Үндсэн хууль зөрчсөн үндэслэлээр Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Далдугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасны дагуу эгүүлэн татагдах нөхцөл бүрдэнэ;

4/Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасны дагуу тухайн баталсан Улсын Их Хурлын тогтоолд Ерөнхийлөгч хориг тавих үндэслэл бүрдэх;

5/Улсын Их Хурлын тогтоол Үндсэн хууль зөрчсөн үндэслэлээр Цэцэд маргаан үүсэж, уг тогтоол Үндсэн хуульд нийцээгүй гэсэн дүгнэлт гарах;

6/Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” гэж заасныг зөрчих.

Санал хураахтай холбогдох хуулийн зохицуулалт

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт:

“Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.”

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлээр Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх дэгийг хуульчилсан бөгөөд түүний:

  1. 83; 101.3 дахь хэсэгт “Нэгдсэн хуралдаан Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, ил санал хураана”;
  2. 83; 101.4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын нийт гишүүний олонх Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол баталсанд тооцно. Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжээгүй бол уг асуудлаар шийдвэр гарахгүй.” гэж тус тус заасан.

Үндсэн хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд УИХ-ын гишүүний ¼-ээс албан ёсоор тавьсан “Монгол Улсын ерөнхий сайдыг огцруулахыг дэмжье” гэсэн саналын томьёоллоор санал хураана.

Харин Дэгийн тухай хуулийн 98 дугаар зүйлд заасан “Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, огцруулах, асуудлыг хэлэлцэх” дэгийн 98.5 дахь хэсэгт “Нэгдсэн хуралдаан Байнгын хорооны саналаар ил санал хураалт явуулж …. ” гэж заасантай адил зохицуулсан тохиолдолд нэгдсэн хуралдаан байнгын хорооны саналаар санал хураах буюу “Байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжье” гэдэг саналыг томьёоллоор санал хураах боломжтой.

Дэгийн тухай хуулийн 101.4 дэх хэсэгт 98.5 дахь хэсэгтэй адил зохицуулалт хийгээгүй байхад нэгдсэн хуралдаан байнгын хорооны саналаар санал хураах нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан 3.4 дэх хэсэг,  Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан  “…шудрага ёс, … хууль дээдлэх …” үндсэн зарчмыг зөрчих замаар Үндсэн хууль зөрчсөн хэрэг болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19